АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлээ эрчимжүүлж, Иракт 1500 цэрэг нэмж байршуулна гэдгээ мэдэгджээ. Тэдгээр цэргүүд тулалдаанд оролцохгүй, зөвлөхийн үүрэг гүйцэтгэх боловч хэт даврагчдын эсрэг тэмцэлд нөлөө үзүүлнэ гэж үзэж буй ажээ. Нэмэлт цэргийн хүчний гол үүрэг нь Иракийн арми, Курдын Пешмерга бригадуудыг сургах явдал юм. АНУ тэргүүтэй эвслийн цэрэг, Ирак, Курдын зэвсэгт хүчинтэй хамтран өнгөрсөн наймдугаар сараас хойш тасралтгүй гал нээсээр байгаа билээ. Үүний ачаар Иракийн арми хэт даврагчдын хяналтанд ороод байсан газрын тосны ордын Байжи хотыг буцаан авлаа. Нийслэл Багдад хотоос хойд зүгт 200 км-ийн зайтай орших тус хотын 50 хувь Засгийн газрын мэдэлд шилжсэн гэж албаны эрх сурвалж баталжээ. Мөн агаарын довтолгоо хэт даврагчдын хүчийг хангалттай сулруулж байгаа гэж Пентагон мэдээлэв.




















































