Нийслэлийн СХД-ийн засаг дарга асан Ц.Болдын албан тушаалаа урвуулан ашигласан дахин нэг хэрэг шүүхийн шатанд иржээ. Энэ удаад Засаг даргын албыг хашиж байхдаа буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 20-нд хууль бус захирамж “Төгс зам, Баткубик” компанид дайрга олборлох зөвшөөрөл олгож байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татжээ. Мөрдөн байцаалтын явцад дээрх хоёр компани нь тусгай зөвшөөрөлгүй бөгөөд жил гаруйн хугацаанд хууль бусаар дайрга олборлож байгаль орчинд 78.2 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Улмаар засаг дарга асан Ц.Болд болон “Төгс зам” компанийн захирал Д.Төгсбаяр, “Баткубик” компанийн захирал Д.Батбаяр нарт холбогдох уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болж, шүүхээс Ц.Болдыг 3 жил, Д.Төгсбаяр, Д.Батбаяр нарт 2 жил хорих ял оноожээ. Гэвч тэд давж заалдсан байна.
Д.Дуулим




















































