
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 6-8-ны өдөр Канадын Нова Скошиа мужийн нийслэл Халифакс хотод ажиллах үеэрээ Дальхаузийн Их сургуулийн Ерөнхийлөгч Ким Брукс, мөн тус их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Т.Норовсамбуу, түүнчлэн санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар Элчин сайд Дальхаузийн Их сургууль ба манай их сургуулиудын хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, монгол оюутан сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, профессор Т.Норовсамбуу, монгол оюутнуудад амжилт хүсэв. Дальхаузийн Их сургууль нь манай Санхүү, эдийн засгийн их сургуультай “2+2” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сургуульд одоогоор 17 монгол оюутан суралцаж байна. Тус их сургууль нь 4 кампустай, 13 факультеттэй, 21 мянган оюутантай, үүний 23 хувь нь гадаад оюутан сурдаг бөгөөд далайн судалгаа, эрүүл мэнд, цэвэр эрчим хүч, инженер, цахим инноваци, эдийн засгийн чиглэлээр түлхүү мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм.




















































