
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

БГД-ийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад Зэвсэгт хүчний анги байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хугацаат цэргийн албыг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах” арга хэмжээг тусгасан аж.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн менежер Ж.Баатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг болон холбогдох албаныхан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тодруулбал, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Монгол эх орныхоо ирээдүй, их амьдралын гэрэл нь болсон хүүхэд залуучууд та бүхэн эх орон, эх хэл, түүх, ёс заншлаараа бахархахын зэрэгцээ сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш “Цэрэг эх оронч” үзэл хүмүүжилтэй иргэн болж, цаашид өөрийгөө улам хөгжүүлж, найз нөхөд, анги хамт олондоо сурталчлан таниулна гэдэгт итгэл төгс байна. Зэвсэгт хүчний анги байгууллагууд Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн юм. Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч ажиллахыг зорин хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын хөтөлбөрт анхаарч, тэдний суралцах орчин нөхцөлтэй танилцахаар ирсэн сурагчид та бүхэнд баярлалаа” хэмээн онцлон хэллээ.


Зэвсэгт хүчний 311 дүгээр анги нь Төв аймгийн Алтанбулаг суманд байрладаг, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн харьяа анги юм. Тус анги нь цэргийн алба хаагчдын байлдааны тактикийн бэлтгэл, спортын арга хэмжээг зохион байгуулдаг.































































