Эрүүл саруул болох гэж эмнэлэгт очсон биш эрүүл мэндээрээ тоглуулсан иргэн Т цагдаагийн байгууллагад ханджээ. Тодруулбал, иргэн Т Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган “Ачтан” эмнэлгийн эмч Т-г шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Иргэн Т нь өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд “Ачтан” эмнэлэгт очиж цөсний чулуугаа авахуулахаар төлбөрөө төлсөн байна. Улмаар гавьяат эмч Т иргэн Т-д дурангийн жижиг хагалгаа хийжээ. Гэтэл эмч Т алдаа гаргаж, иргэн Т-гийн элэгний баруун зүүн хэсгээс гарсан тайрах ёсгүй 2 цоргыг тасалсан байна. Үүний улмаас иргэн Т амь насаа алдах дээрээ дөхөж, хагалгаа хийлгэснээс найм хоногийн дараа “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт тайрагдсан хоёр цоргийг орлуулах мэс засалд орж, хэвтэрийн хүн болжээ.
Энэ асуудлаар “Ачтан” эмнэлэгт хандахад “Бидний буруу. Эмчилгээндээ хэрэглэ” гэж 14 сая төгрөг өгөөд түүнээс хойш огт холбоо бариагүй байна.
Иргэн Т “Ачтан” эмнэлгээс авсан 14 сая төгрөгөөр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл Япон улсад эмчилгээ хийлгэжээ. Энэ тухай иргэн Т Эрүүл мэндийн яам болон цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “Эмч Т-ын тайрсан цоргыг дахин бий болгохын тулд элэгнээсээ тайруулах, хагалгаанд биеэ бэлдэх гээд дэлхийд ховорт тооцогдох маш хүнд мэс ажилбарт орж 80 гаруй сая төгрөгний болон эрүүл мэндээрээ хохирсон. “Ачтан” эмнэлэг рүү удаа дараа гомдол гаргаж байсан боловч намайг үл тоож цаг хугацаа өнгөрсөөр байна. Хүний өвчнөөр мөнгө олж буй уг эмнэлгийн эмчилгээ эрхлэх эрхийг хүчингүй болгуулахыг хүсч байна. Иймд хуулийн дагуу Т эмч буюу “Ачтан” эмнэлгийг шалгаж хэн буруутай болохыг тогтоож, дүгнэлт гаргаж хохиролгүй болгон хуульд заасан хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Ингээд уг хэргийн талаар иргэн Т-гийн өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Миний үйлчлүүлэгч Т гэгч эмэгтэй өнгөрсөн оны гуравдугаар сард цөсний чулуугаа авахуулахаар “Ачтан” эмнэлэгт хандсан. Тухайн үед эмч Т хүлээн авч хагалгаа хийхээр болсон. Тэгээд нойрсуулах тариа тариад хийгээд 4-5 цаг болсны дараа хагалгаагаа эхэлсэн байдаг. Улмаар буруу судас тайрсан байна лээ. Үүний улмаас миний үйлчлүүлэгч Т эрүүл мэндээрээ хохирчихоод байна.
-Энэ асуудалд Т эмч ямар тайлбар хийж байх юм?
-Миний буруу. Уучлаарай гээд 14 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш сураггүй болсон. Гэтэл миний үйлчлүүлэгч энэ хугацаандаа эмчилгээндээ 80 гаруй сая төгрөг зарцуулсан. Эрүүл мэндээрээ ч хохирсон. Гэтэл Т эмч “Би одоо 80 гаруй сая төгрөг хаанаас олох вэ. Та нар ханддаг газар нь ханд” гэсэн утгатай юм ярьж байна. Тиймээс бид ханддаг газар нь хандаж байна.
-Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Эрүүл мэндийн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад хандсан байгаа.
Б.Чимэг





















































Сэтгэгдэл (5)