
Талх чихэр ХК-ийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан өнгөрсөн амралтын өдөр МБӨ-д болж өнгөрлөө. Жилийн жилд өргөн дэлгэр, сонирхол дуулиан ихтэй болдгоороо хэвийн боовны баяр алдартай бөгөөд энэ удаа ч мөн шимтэй сайхан барилдаанууд боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Оюуны Гантулга үзүүрлэв. О.Гантулга нь тус барилдаанд ийнхүү гурав дахь удаагаа үзүүрлэж байгаа юм. Тэрээр өмнө нь Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү нартай үлдэж байсан. Харин Б.Бат-Өлзий арслан хоёр дахь удаагаа түрүүлж байгаа юм. Ийнхүү цагаан сарын өмнөхөн болдог аймаг цэргийн болон залуу бөхчүүдийн нэгэн томоохон сорилго амжилттай болж өндөрлөлөө.