
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. УАШТ-д хот, хөдөөгийн эрэгтэй 32, эмэгтэй 12, нийт 44 багийн 600 гаруй өсвөрийн сагсчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглосон хүүхдүүдээс сонгон шалгаруулж ирэх гуравдугаар сард Тайланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулна. Тэмцээний медальтнууд энэ сарын 18-нд тодорно. Мөн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлт 14.00 цагаас "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.