Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагаас “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийн шүүх хурал болно. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгч “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцоно. Хэдийгээр энэ сарын 6-нд болох байсан ч сэтгүүлч Д.Болормаагийн зүгээс нэхэмжлэгч Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Хэргийг сануулбал, тэрээр бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг олсон бөгөөд “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүг хэрэгт холбоотой. “Мон Уран”-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гарчигтай нийтлэлийг “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт нийтэлсэн юм. Энэ нийтлэлтэй холбоотойгоор “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад байсан билээ. Тиймээс сэтгүүлч Д.Болормааг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгээр зүйлчлэн 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн байцаагчид, тус нийтлэлийг шалгаж эхлээд байсан юм. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд тус хэргийн шүүх хурал болж, шүүх хурлын шийдвэр сэтгүүлч Д.Болормаагийн талд гарсан билээ. Гэвч шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Наранхүү хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсанаар давж заалдах шатны шүүх хурлаас өнгөрсөн арваннэгдүгээр сард анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарсан юм.
Б.Чимэг