
Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглов. Аймгийн арслан 76, а.заан 23, а.харцага 32, а.начин 87, сумын шилдэг заан 38 барилдсан бөгөөд барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан аймгийн арслан Э.Даш нар шалгарав.