Хоёрхон хонгийн дараа өвлийн адаг сар дуусч, "Галзууруулагч" хэмээх модон хонь жил айлчлан ирж байна. Энэ жилийн өнгө, ноён нуруу, ерөнхий шинж ямар байх талаар Дэчинравжайлин хийдийн Ловон лам, уламжлалт эм, зурхай судлаач С.Мөнхбаяраас тодрууллаа.-Яг хэдний өдөр золгох вэ. Зарим хүмүүс битүүн гэж байхгүй гэх зэргээр ард иргэдийг төөрөгдүүлж байна?
-Энэ жил хүмүүс нэг зүйл дээр төөрөлдөөд байх шиг байна. “Ялгуусан” хэмээх модон морь жилийн өвлийн адаг сарын шинийн 18 нь билэгийн тооллоор хоёр тохиож байгаа. Тиймээс 30-н буюу битүүний өдөр байхгүй байна. Тиймээс иргэд хоёрдугаар сарын 18, 19-н хоёрын алинд нь золгох юм бол гээд будилж байх шиг байна. Албан ёсоор хэлэхэд энэ дөрөв дэх өдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 19-ны өглөө цагаан сарын шинийн нэгэн тохионо. Харин 18-н нь битүүний өдөр.
-Ирж буй “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн өнгө төрх, ноён нуруу зурхайн зурлагад хэрхэн бууж байгаа вэ?
-Энэ жил XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жил тохиож байна. Модон хонь жилийн ерөнхий үр нь жаран жилээр "Халуун тэрүүтэн олон болоод хүмүүн нугууд дотроо үл зохицьюу" гэсэн байгаа. Үүнийг задалж тайлбарлах юм бол. Энэ жил ерөнхийдөө сайхан өнтэй сайхан жил болно. Хур ус нь цагтаа бууж, өвс ногоо, тариа будааны гарц сайтай сайхан жил болох боловч жилийн дунд нарны хүч их байгаа учраас жаахан халуун жил болох нигууртай. Хүмүүн нугууд үл зохицьюу гэдэг нь хүн бүхэн харилцан бие биенээ хүндэтгэх ёстой.
-Хоёрхон хоногийн дараа монголчууд хаврын тэргүүн сартайгаа золгох гэж байна. Ер нь сар шинийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой юм бол. Сүүлийн үед эдийн засаг талаасаа ихээхэн зарлагатай болдог боллоо гэх үг олонтаа сонсогдох болж?
-Дээр үедээ монголчууд цагаан сар гэдэг зүйлийг намрын дунд сард цагаан идээний баяр хэмээн тэмдэглэж байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Чингис хааны үеэс хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг цагаан сар хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Үүнээс хойш цагаан сарыг уламжлал болгон тэмдэглэж байгаад хувьсгалын он жилээс хойш цагаан сарыг тэмдэглэхийг бага зэрэг хязгаарласан. Харин цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялсан цагаас хойш цагаан сарыг урд урдаасаа илүү өргөн дэлгэр угтах боллоо. Ер нь хүмүүс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Цагаан сар гэхээр учир зүггүй бие биедээ том бэлэг сэлт өгдөг. Зарим нэг нь цагаан сарыг ууж иддэг, эсвэл наргиж цэнгэдэг баяр шиг төсөөлж байна. Энэ бол тийм баяр биш. Харин жилийн эхний өдөр учраас аливаа юм бүхэнд цагаан сэтгэлээр хандаж, шинийн өглөө зүг мөрөө гаргаж, энэ өдөр хамаг сайн сайхан бүхнээ хэлэлцэж өнгөрүүлэх учиртай. Муу муухай зүйлээс ангид байж, санасан үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, өвчин зовлонгүй, амар амгалан байхын тухайд ерөөл тавьдаг ерөөлийн баяр юм шүү дээ. Ариун цагаан сэтгэлээр идээ будаагаа тусгайлан бэлтгэж ирсэн уламлжлатай. Түүнээс биш архи дарс, айраг цагаа тавьчихаад ууж идээд, дуулж хуурдаад суудаг баяр биш ээ.
-Битүүндээ тавгийн идээгээ засч, мах шүүсээ бэлэн болгодог уламжлалтай. Идээ цагааны асуудал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?
-Тавгийн идээг хүн бүхэн хэвийн боовоор засдаг. Залуухан гэр бүлүүд 3-5 үе, олон ач зээтэй настай хүмүүс нь 7-9 үе өрдөг. Энэ тооны билэгдэл гэдэг бол ихээхэн билэг дэмбэрэлтэй юм даа. Тодруулбал идээ ундаа нь элбэг дэлбэг, ач гуч нь улам олуулаа байх гэсэн утга учиртай юм. Ууц тавих ёс нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мал аж ахуйтай салшгүй холбоотой. Бид нүүдлийн соёл иргэншилтэй. Мал аж ахуйгаараа ажил хөдөлмөрөө эрхэлж ирсэн ард түмэн. Ууц тавьдаг шалтгаан нь бид намрын цагт өвлийн идшээ базаана гээд олон амьтаны аминд хүрдэг шүү дээ. Тэрхүү амь тасалсан хилэнцийг нь үгүй хийх зорилгоор бурхан шүтээндээ ууцаа тавин хүндлэлийг илэрхийлдэг. Тиймээс ууцанд иргэд маань том тарган аль эсвэл жижиг гэх зэргээр гайхуулж буй мэт хандах ёсгүй. Ууцыг тавихдаа хонтой, шаант, дал дөрвөн өндөр, хонины толгой зэргийг идээндээ тавина. Би дээр үед өвчүү тавьсан айл бараг харж байгаагүй. Сүүлийн үед ууцны оронд өвчүү тавих болсон. Энэ нь адилхан хүндлэл учраас ялгаагүй л зүйл. Буруудаад байх юм байхгүй. Иргэд маань цагаан сарыг идэж уухдаа биш, хамгийн гол нь буян хураадаг баяр хэмээн бодох хэрэгтэй.
-Жилийн эхний өдрүүдэд буюу шинийн 15-ны дотор засал, номоо хуруулах хэрэгтэй гэдэг?
-Дээрх өдрүүдэд хүмүүсийн хийлгэсэн засал ном нь маш буян болон арвиждаг. Харин муу зүйл хийвэл тэр хэрээр муу үйл нь нэмэгдэх учиртай. Тиймээс шинийн нэгэнд гэр орондоо хонох хэрэгтэй. Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэвэл маш сайн. Засал ном хийлгэсэн хүн, хийлгэж амжаагүй хүн хоёрын хооронд ялгаа бий шүү.
-Монголчууд жил нь орох гэдэг зүйл дээр нэлээдгүй анхаарал хандуулдаг. Ирэх хонь жилд жил нь орж буй иргэд юуг анхаарах ёстой вэ, ямар засал хийлгэвэл зохих бол?
-Жил нь орно гэдэг нь од гараг эрхсийн хэмнэл тохиож буй явдал юм. Тэр хэмнэлийг заавал засуулах ёстой. Тиймээс үүнтэй холбоотой засал номуудыг уншуулж, аливаа сөрөг нөлөөг нь л арилгаж байгаа хэрэг. Тийм учраас жил нь орж буй, мэнгэ нь голлож байгаа, суудал нь өнцөгдөж буй хүмүүс зайлшгүй засал номоо хийлгэх шаардлагатай.
-“Галзууруулагч” модон хонь жил гарах гэж байна. Энэ үгийн утга нь ямар учиртай юм бэ?
-Энэ үг нь согтуу, галзуу гэсэн Түвд үгнээс гаралтай. “Галзууруулагч” гэдэг нь жаран жилийн үр юм бөгөөд нэр томьёон төдий зүйл. Түүнээс биш хонь жилдээ хүмүүс согтуураад, галзуураад байна гэсэн үг биш. Үүнд ач холбогдол өгөх шаардлага байхгүй.
-Хадаг барьж золгох ёсон ямар байх ёстой юм бол. Хадаг нь дотроо хамгийн хүндэтгэлтэй аль нь вэ?
-Хадгийг одоо л ингэж замбараагүй хэрэглэдэг болсоноос биш дээр үед хамгийн хүндэтгэлтэй эд байлаа. Лам багш, өндөр настай аав ээждээ хадаг барьж золгоно гэдэг бол нөгөө хүмүүсээ хамгийн дээдээр хүндэтгэж байгаагийн илрэл. Хадгаа ёс уламжлалынх нь дагуу бариад золгоход буруудаад байх зүйлгүй. Хадгийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн олон ангилж болдог бөгөөд өөр өөрийн онцлог хэрэглэх зарчимтай байдаг.
-Та ирж буй модон морин жилдээ зориулан нийт монголчууддаа хандаж ерөөлийн үг хэлэхгүй юу?
-XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилдээ нийт хөх толбот, тэнгэр язгууруун монголчууд та бүхэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай. Ургаараа элэг бүтэн, удмаараа хийморь төгс мандан бадарч дэвжин дээшилэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна. Та бүхэн маань сайхан шинэлээрэй.

























































Сэтгэгдэл (3)