Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан алба хаагчдыг цагдан хорьсон талаар манай сайт мэдээлсэн билээ. Хэргийг анх Монголбанкныхан илрүүлж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Тиймээс Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн нэг алба хаагч, Монголбанкны гурван алба хаагчдыг хорьсон хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Алт дутсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Монголбанк хамтран шалгаж байгаа. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
-Монголбанкны гурван ажилтан, Стандартчилал хэмжилзүйн нэг ажилтанг холбогдуулан шалгаж байгаа гэсэн?
-Стандартчилал хэмжилзүйн газраас ямар ч хүнийг шалгаагүй. Харин Монголбанкны Эрдэнэсийн сангийн ажилтан, албан тушаалтнуудыг шалгаж байгаа.
-Дахин хүн нэмж шалгах уу?
-Хэргийг дөнгөж шалгаж байгаа. Тиймээс дахин хүн нэмж шалгахыг үгүйсгэхгүй. Одоогоор Монголбанкны гурван ажилтанг шалгаж байна.
-20 килограмм алт дутсан гээд байгаа. Нарийвчилсан шалгалт хийсэн үү?
-Эхний шалгалтаар 18 кг алт дутагдсан нь илэрсэн. Тэд алтыг гадаад авч гараад цэвэршүүлдэг. Тэгээд эргээд оруулж ирэхдээ тодорхой хэмжээгээр дутаадаг. Энэ асуудал удаа дараалан гарч байсныг илрүүлсэн. 2003-2008 оны хооронд хийсэн байгаа юм.
Б.Чимэг