
Тогтоолын төсөлд тусгаснаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын нэгний болон тавдугаар сарын нэгний өдрөөр тооцож үе шаттай нэмэх юм. Мөн үүнд шаардагдах 172 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2012 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулан шийдвэрлэхээр тусгажээ.
Түүнчлэн 2012 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулснаар өргөн хэрэглээний барааны өсөлт, төгрөгийн бодит ханшийн уналт зэргээс иргэдийг хамгаалахын зэрэгцээ бодит орлого нь нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.