
МБӨ-нд өчигдөр МАН-ын 94 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Улсын гурван арслан магнайлан хүч үзсэн тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар үзүүрлэсэн юм. Харин их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд, Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн начин О.Батжаргал нар шалгаран үлдлээ. Аймгийн начин О.Батжаргал нь энэ өдөр онцгой сайхан барилдаан үзүүлж, улсын цолтой томчуудыг өвдөг шороодуулсан юм.