“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид хууль зөрчиж байгаа талаар баримт дэлгэв. Өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэргийн гэрчүүд хөдөлгөөнийхөнд ханджээ. Тодруулбал, дэлгүүрийн эзэн, сэжигтэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг борлуулагч сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсныг тэд хэлж байна. Эмэгтэйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон тухай тэд ярилаа. “Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үүнийг хүлээхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” хэмээн Б.Отгонцэцэг ярив. “Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний” тэргүүн Х.Бат-Ялалт энэ асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, ХЭҮК, УЕПГ-т хандаж байгаагаа дуулгасан юм. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна” гэв. 






















































Сэтгэгдэл (7)