Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт Хүний хөгжил сангийн мөнгөө авахаар дугаарлаж байсан хоёр иргэнийг буудсан хэрэг өнөөдөр гарсан. Хохирогчдын нэг нь банкны салбарын эрхлэгч Туяагийн нөхөр Батбаатар гэх 30 гаруй насны эрэгтэй байсан байна. Хохирогч Налайх дүүргийн холбооны газарт захирлын жолоочоор ажилладаг гэв. Хохирогч хэвлийн тус газраа буудуулсан гэнэ. Мөн түүнээс гадна өөр нэг хохирогч гартаа буудуулсан. Хэргийн газар байсан хүмүүсийн хуулийнханд мэдүүлснээр гэмт этгээд банкны салбар руу нэвтрэх дээ “Би сурвалжлагч байна. Мэдээ авъя” гэж банкны ажилтнуудын байрладаг өрөө рүү нэвтэрсэн” гэж хэлж орсон ажээ. Гэмт этгээдийг цагдаагийхан банкны хамгаалалтын ажилтны тусламжтайгаар газар дээр нь барьсан байна. Хохирогчид одоо Налайх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хэвлийн тус газраа гэмтэл авсан хохирогч хагалгаанд орсон байна. Нийслэлээс уг мэс ажиллагааг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар Налайхад очоод байгаа юм байна. Хэвлийдээ бууны шарх авсан хохирогч цус алдалт ихтэй байгаа тул биеийн байдал нь нэлээд хүнд байгаа гэв. Одоогоор хэргийн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, битүүмжлээд байна. Цагдаагийнханыг очих үед “Хаанбанк”-ны салбарын цонхыг нэвт буудаж, ойр орчмоор нь шил хагарсан, дотор нь байсан үйлчлүүлэгчид хямарлын байдалтай байсан хэмээн ойр орчимд явж байсан иргэд мэдээллээ. Гэмт этгээдийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст цагдан хориод байна.