Хараат бус мэдээллийн Phayul сайтын мэдээлснээр хоёрдугаар сарын 3-нд Хятадын Сычуань мужийн Сертхар тосгонд гурван түвд хүн өөрийгөө шатаасан байна. Хятадын цэргийнхэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаад байгаа энэ нутагтай нууцаар холбогдож чадсан цагаач түвдүүдийн баттай эх сурвалжийн өгүүлснээр, өөрийгөө шатаагчид түвдийн ард түмнийг эв нэгдэлд уриалан, хятадын засаглалын эсрэг лоозон хашгирч байжээ.
Колумбийн их сургуулийн шинжээч Роберт Барнетт Twitter хуудсандаа зулын гол болсон хүмүүсийн нэрсийг зарласан байна. Эдгээр хүмүүс бол Цабцэл, Шулсан тосгоны 60 настай Цэрэн, Бумшул тосгоны 30 настай Гялрий нар юм. Цабцэл нь газар дээрээ нас барсан бол нөгөө хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар мэдээлсэн ч үүнийг бас нягтлах ёстой гэжээ.
Хятадын цагаан сараар буюу нэгдүгээр сарын 24-нд Сертхар тосгонд олон нийтийг хамарсан жагсаалын дараа эрх баригчид онц байдал зарласан байна. Олон улсын хүний эрхийн International Campaign for Tibet байгууллага жагсаалын үеэр Сертхар тосгонд цагдаагийнхан хүч хэрэглэж байгаа фото зургуудыг дэлгэжээ. Гар хоосон жагсагчдын эсрэг цагдаа нар гал нээсний улмаас зургаан түвд хүн алагдав. 23-нд Драгго тосгонд болсон жагсаалын үеэр цагдаагийн суманд 49 настай Норов-Ёндон лам амиа алдсан байна. (Зураг үзнэ үү.) Болсон явдлын цар хүрээг нуух зорилгоор энэ бүс нутаг руу сэтгүүлчид, жуулчдыг нэвтрүүлэхгүй байна. Үүнээс өмнө өнгөрсөн сарын 18 ба 22-нд хийморийн дарцаг, Түвдийн далбаа хийсгэж, Далай ламыг урт наслахыг ерөөсөн лоозон барьсан түвдүүд жагсаж эхэлсэн хэмээн Phayul мэдээлсэн юм.
Английн Global Times сайтын мэдээнд дурдсанаар, Хятадын Сычуань мужийн түвдүүдийн эсрэгүүцэл өрнөсөн хот суурингуудын эргэн тойрон 50 км газарт интернет болон гар утасны сүлжээг хаасан байна. Сүүлийн жилүүдэд нийтдээ 17 түвд лам тэмцлийн аргаа барсан хэлбэрийг сонгон өөрийгөө шатаасан юм. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэн энэ хоёрдугаар сарын 22-нд болох түвдийн цагаан сарыг тэмдэглэхгүй байхыг жагсагчид уриалж байна. Мөн Түвдийн цагаач засгийн газрын ерөнхий сайд Лувсансэнгэ зэвсгийн хүчээр Түвдэд хэзээ ч тогтвортой байдал бий болохгүй гэдгийг Хятадын эрх баригчдад сануулаад түвдүүдийн эрхийг хүндэтгэсэн харилцан яриагаар л асуудлыг шийдэж болно гэжээ. Тэрээр оршин байгаа улсынхаа хууль дүрмийг зөрчихгүйгээр 2012 оны 2 дугаар сарын 8-нд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэхийг дэлхийн олон нийтэд уриалсан байна.

Хятадын засаг гар хоосон лам нарыг хядсанаар луу жилээ угтлаа.


Буудуулж амиа алдсан Норов-Ёндонгийн цогцос.


Цагдаагийн сум гэдсэнд нь тусчээ.


Дэлхийгээс нуусан хүчирхийлэл
Сэтгэгдэл (1)