33 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг зохион байгуулна

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг ХБК-оос санаачлан ирэх арваннэгдүгээр сарын17-23-ны хооронд зохион байгуулах гэж байна. Ирэх намар ХБКийн 75 жилийн ой тохионо. Ойн хүрээнд тус наадмыг зохион байгуулахаар болжээ. Уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, ДБЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, СУИС зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа аж. Уралдаан нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдэнд авьяас чадвараа сорих боломж олгох, гоц авьяастай залуусыг тодруулах, олон улсын уран бүтээлчидтэй туршлага солилцож, харилцан суралцах боломжийг нээх, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой. 30-аас доош насны дуучид, 35-аас доош насны хөгжимчид оролцох боломжтой бөгөөд оролцогчид эхний хоёр шатанд дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг дуулж, эгшиглүүлэх бөгөөд гуравдугаар шатанд Б.Шаравын бүтээлээс сонгох юм байна.
Т.Хулан