Кембрижийн тухай надад асуулт байна
Сүхбаатар дүүргийн 1-р сургууль, 7а ангийн сурагч Б.Атлжин:
Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчит сургуульд яаж элсэх вэ? Ямар болзол шаардлага тавигддаг вэ?
Одоогоор “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатори сургууль олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна. “Шинэ эрин” 160, “Шинэ эхлэл” 120, “Монгол тэмүүлэл” 40 сурагчтай. Цаашид Улаанбаатарт 9, 21 аймгийн төв тус бүрт нэг, хос хэлний нийт 30 сургууль байгуулахаар төлөвлөөд байна. Шалгалтыг тухай бүр зарлана. Энэ жил ямар хичээлээр хэзээ сонгон шалгаруулалт зарлах тухайд одоогоор эцэслэн шийдээгүй байна. Улаанбаатар хотын аль ч дүүргийн ЕБС-ийн сурагч шалгалт өгч болно. Өнгөрсөн жил математик, англи хэлээр шалгалт авч, тэнцсэн хүүхдүүд олон улсын хөтөлбөртэй сургуульд үнэ төлбөргүй суралцаж байна. Товчхондоо чи хэний хүүхэд вэ, эцэг эх чинь төлбөрийн мөнгө өгөх үү гэж асуухгүй. Чи ямар сурдаг хүүхэд вэ? л гэж асууна. Шалгалтаа өгч тэнцсэн л бол хэний ч хэн ч гэдэг хүүхэд олон улсын болон Монголын хөтөлбөрөөр зэрэг хичээллэнэ. Кэмбрижийн болон Монголын Ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө.
Чингэлтэй дүүргийн 23-р сургууль, 7д ангийн сурагч Г.Нинжин:
Англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр заах 11 хичээлээс сонгож үзнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
Сурагч олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс 6-гаас доошгүйг сонгож үзнэ. Эцэг эхтэйгээ зөвлөж байгаад ирээдүйд эзэмших мэргэжил, их дээд сургуульд суралцах чиглэл, өөрийн авъяас сонирхолдоо нийцүүлэн сонгох боломжтой.
БЗДүүргийн 15-р хорооны иргэн О.Золзаяа:
Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчид “Шинэ эрин” сургуультай танилцаж байхыг зурагтаар үзлээ. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, компьютерийн систем зэрэг нь үнэхээр гоё, хамгийн гол нь энэ бүгд төлбөргүй, эцэг эхчүүдээс мөнгө авахгүй гэдэг нь их таалагдаж байна. Гэхдээ ийм хэмжээний байр сав, хангалт хэрэгслээр сайн сургууль олныг барих мөнгө байгаа юу?
“Шинэ эрин” боло олон улсын хөтөлбөрөөр хичээллэх, БСШУЯ-ны харъяа лаборатори сургууль. Баянгол дүүрэгт байрлалтай, энэ сургуулийн барилгын зардал төсөв ердийнхөөс нэг их ялгаагүй. Гол нь дотно гадна шийдэл, дизайн нь өөр. Том танхимуудтай, багш нарын ажлын болон амралтын өрөө, номын сан, спорт, урлагийн заалтайгаар барьсан, сурагч, ажилтан хэн бүхэнд хялбар, найрсаг уур амьсгал бүрдүүлэхүйцээр тооцож төлөвлөсөн онцлог нь л өөр болохоос төсөв зардлын хувьд онцын ялгаагүй гэж болно.
www.Facebook.com/Cambridge.Mongolia хаягаас авав.
Сэтгэгдэл (1)