Занабазарын нэрэмжит цогцолборыг босгоно

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тус сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл хамтран “Соёмбот өргөө” цогцолбор бүтээх гэж байна. Тус цогцолбор нь пирамид хэлбэртэй байх бөгөөд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбот үсгийг томоор бүтээж, барилгыг орчин үеийн төмөр шилэн материал ашиглаж хийх аж. Цогцолборын ерөнхий схем зургийг дизайнер С.Чулуунбаатар гаргажээ. Цогцолборын голд нь Өндөр гэгээн Занабазарын суугаа дүрийг байрлуулаад тойрсон хананд нь 21дарь эхийн цутгамлыг байрлуулан холбогдох бүтээлүүдийг тавих ажээ. Уг газрыг Монгол улсын аялал жуулчлалын дурсгалт газрын нэг болгох юм байна. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил энэ оны хоёрдугаар сараас эхлээд наймдугаар сарын 20 гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ. Барилгыг нутгийн ард иргэдийн хандив нэрээр мөнгө хурааж барьж байгаа юм байна.