“Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний
өглөө Монгол улсын төрийн гурван өндөрлөг золгож, ахмадуудад хүндэтгэл
үзүүллээ.

“Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол улсын төрийн гурван өндөрлөг золгож, ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд Төрийн ёслол хүндэтгэлийн ордонд морилж төрийн хар нумыг эгшээлгэн ёслов. Билгийн тооллын XVII жарны анхны наран мандсан энэ өглөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхий сайд С.Батболд нар ирж хөөрөг зөрүүлэн сайны ерөөл хэлэлцэн золголоо. Монгол улсын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлсний дараа Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав хүрэлцэн ирж ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд нартай золгон бараалхав.
Мөн төрийн өндөрлөгүүд, бурхан шашны тэргүүнүүд Булган аймгийн худалдааны ахмад ажилтан Ч.Долгор, сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн эмнэлэгт асрагч хийж байсан Х.Пагам, өндөр настан Ч.Рэнцэндорж, төр нийгмийн зүтгэлтэн Г.Очирбат, Аж үйлдвэрийн комбинатын ахмад ажилтан Ч.Цэмбэлдорж, дунд сургуулийн багш байсан Б.Чулуун, малчин Д.Дариймаа, ахмад дайчин С.Дагва нарын настан буурлуудтай золгож улиран одсон туулай жилийн амжилтыг дүгнэж, ирж буй луу жилийн өнгийг хэлэлцсэн юм.