Битүүний өдрөөс эхлээд шиний арван таван хүртэл засал хийлгэж ном
уншуулах гэсэн хүмүүс Гандантэгчинлэн хийдээр тасрахгүй байна. Гэхдээ
хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал жилийн засал хийлгэх үнэ ханш 2-3 дахин
өсчээ.

Цагаан сарын баяраар юм болгоны үнэ нэмэгдсэн ч монголчууд сайхан шинэллээ. Мах, бензин гэж улиг болсон зүйл яриад ч яахав. Харин саяхнаас сүм, хийдэд энэ жилийнхээ заслыг хийлгэх гэсэн иргэд бас нэг “инфляци”-тай нүүр тулав. Битүүний өдрөөс эхлээд шиний арван таван хүртэл засал хийлгэж ном уншуулах гэсэн хүмүүс Гандантэгчинлэн хийдээр тасрахгүй байна. Гэхдээ хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал жилийн засал хийлгэх үнэ ханш 2-3 дахин өсчээ. Төмөр бар жил ном уншуулахад хийлгэх засал, айлдах номоос хамаарч 500-5000 төгрөг байсан. Тэгвэл энэ жил 10-15 мянган төгрөг болжээ. Үүн дээр засал хийлгэхэд шаардлагатай сүү, сархад гээд зардал бас баахан нэмэгдэж байгаа юм.
Төмөр бар, усан луу аль аль нь хатуу жил орж буй. Гэхдээ луу жилд хүүхэд өсч, үнэ нэмэгддэг шүү гэдгийг тод томруунаар харуулж лам нарт өргөх ханш харьцангуй их өссөн байна. Сүсэгтэнүүдийн өгсөн мөнгийг хийдийн дулаан, цахилгаан болон бусад аж ахуйн зардалд зарцуулдаг гэж лам тайлбарлаж буйг үзвэл энэ хавар Гандантэгчинлэн хийд гангарах төлөвтэй. Ямартаа ч иргэд ном уншуулах ханш өссөн гэж бухимдсангүй харин ч луу жил гарч буй тул аргагүй хэмээн эерүүлж байна. Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олондоо зориулж шинийн найман, арван таванд харин үнэгүй ном хурах аж. Тиймээс бэл бэнчин багатай нь энэ хоёр өдөрт багтаан номын авшиг хүртэх боломжтой юм.