Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл ажлын байр бий болгох төсөл”–ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордон 100 хувь тамхигүй орчинг бүрдүүлж чаджээ. Аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид чийрэгжүүлэлтийн өрөөтэй болсон байна. Энэхүү өрөөг бий болгосноор ажлын байран дээр идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж хөдөлгөөний дутагдлаас үүсэх халдварт бус өвчлөл болох зүрх судас, чихрийн шижин, халдвараас сэргийлэх давуу тал бүрдэж байгаа аж. Мөн ордны дотор болон эргэн тойрны 50 метрт тамхи татахыг хориглосон байна. Ингэснээр Говьсүмбэр аймаг монголын анхны эрүүл ажлын байрыг бий болгосон аймаг болжээ. Нутгийн удирдлагын ордонд аймгийн томоохон хурал цуглаан, албан ёсны арга хэмжээнүүд ихээр зохиогддог тул ажилчид, албан хаагчдаас гадна олон хүнийг ажлын байранд нь эрүүл, аюулгүй байлгаж чадна хэмээн үзэж байна. “Эрүүл ажлын байр бий болгох төсөл”-ийн зорилго нь байгууллагын эрүүл ахуйн аюулгүй орчинг бүрдүүлэх, дам тамхидалтад өртөх явдлыг бууруулах, тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхад нөлөөлөх зорилготой ажээ.
Д.Идэр