УИХ-ын ээлжит бус чуулганаар Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийг баталсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэхүү хуулийг баталснаар нийгмийн шилжилтийн үе болох 1990-1994 онд ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 200 мянга гаруй иргэний нэгдсэн бүртгэлийг гаргаж, ажилласан жилийг нь нөхөж тооцох, 1995-2000 онд хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 703 мянган иргэний ирээдүйд авах тэтгэврийн даатгалд хамрагдах боломж бүрдэх аж. Энэ дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос нөхөн тооцоход манай улсын тэтгэврийн даатгалын санд 60.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого орох юм байна. Эдгээр иргэд өнөөдөр тэтгэвэр тогтоолгох насандаа ойртсон ба дээрх нэг удаагийн арга хэмжээгээр улсад ажилласан жилээ нөхүүлж, тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх боломж бүрдэх аж.