Нийслэл Улаанбаатар хотын айл өрхийг дотор нь хоёр ангилдаг. Зайсан ба бусад гэж. Яг л машиныг бенз ба бусад гэдэг шиг. Бусдын нөгөөх болох зайсанд ямар хүмүүс амьдардгийг хүн бүр мэдэх биз. Арван нэгтэй дугаартай, аймар том жийптэй, айлгадаг зузаан хэтэвчтэй гээд л тодотгол нь дандаа “том”. Томоороо тэд бүгдийг зохицуулчихаж чадна.

“Том” тодотголоороо далайлган өглөө, оройн их түгжрэл, нягтаршлыг ч зохицуулчихсан сурагтай. Хоморгонд нь үүх түүхээ харвал байж болох, өнөө үеийг харвал яавч зайсангийн хилийн дээс алхаж болшгүй Хөдөө аж ахуйн их сургуулийн 10 мянга орчим оюутнууд өртжээ.
Хатан туулын наана цаана амьдрал тэс өөр. Цаана нь том том компаний захирлуудаас өгсүүлээд төрийн гурван өндөрлөг хүртэл аж төрөх ажгуу. Харамсалтай нь тэдний ажил, амьдралын засмал замд ХААИС-ийн оюутнууд тун их гай болдог гэнэ. Томчуудын яг ажилдаа явах, ирэх цаг ХААИС-ийн оюутнуудын хичээл орох, тарах цагтай таардаг учраас түгжрэл бий болж яршиг удаж, ядаргаа болдог. Томчууд Замын цагдаагийн газартай ярьж, Замын цагдаагийн газар нь ХААИС-ийн захиралд хүсэлт тавьснаар оюутнуудын 08:40 цагт ордог хичээлийг 10 цаг болгон өөрчилжээ.
Хичээл нь 10 цагаас болж хойшилсон оюутнуудын сурах идэвхи нь буурч, орой хийх хичээлээ цалгардуулж, өглөө 10 цагаас өмнө хийнэ гээд хичээлээсээ хоцрох, улмаар сурлагандаа муудах зэрэг олон бэрхшээлүүд тулгарч буй талаар тус сургуулийн олон оюутнууд ярьж байна.
ХААИС-ийнхан зөвхөн өөрсөдтэй нь нарийн зам дээр чихэлдэхийг хүсээгүй томчуудад бус тэдний хүүхдүүдэд бас саад болдог. Зайсангийн вант улсад олон зам бий. Нэг замын наадах, цаадхыг “American school” ба ХААИС гэж хоёр ангилна. Америк сургууль 700 гаруй сурагчтай. Тэд сургуульдаа машинаар хүргүүлж, машинаар тосуулдаг бол ХААИС-ийнхан ихэнх нь автобусаар ирж, автобусаар буцдаг. Тоог нь харвал ХААИС-ийнхан бус нөгөө хэсгийнхний хичээлийн цагийн хуваарийг өөрчилмөөр юм. Шударга байцгаая гэдэг үгийг хэн хэллээ дээ байз...
Ингээд ханасангүй зайсангийн вант улсын томчуудад яршиг удаад байгаа ХААИС-ийг олон жилийн түүхийг бүтээж, хадгалсан тус газраас нь нүүлгэж Багануур дүүрэгт аваачих тухай дээгүүр яригдаж байгаа гэнэ шүү. За байз шударга байцгаая гэдэг үгийг хэн хэллээ дээ...