
Түүнчлэн долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгасан цагдаагийн хурандаа нарын хэргийг хоёр салгаж, улмаар гурвыг нь цагдан хорих шийдвэр гаргасан явдал байлаа. Хэргийг салгасан шалгаан ийм. Шүүгдэгч Г.Ганбааатарын өмгөөлөгч Б.Оросоо нь 21 хоногийн хугацаанд Солонгос улс уруу явсан учраас шүүх хуралд оролцож боломжгүй болсон явдал. Хэрэг явдал ийм учир Г.Ганбаатарын зүгээс шүүх хурлыг саатуулахгүйн үүднээс нэмж өмгөөлөгч аван, шүүх хуралд оролцохыг хүссэн ч түүний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн хууль бус ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр өнгөрсөн хугацаанд хамт шалгагдаж байсан хэргийг салгаж байна гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид удаа дараа хэлж байсан. Тэр бүү хэл тус шүүх хуралд улсын яллагчаар оролцсон нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал шүүх бүрэлдэхүүнд хандан, “Ингэж болохгүй энэ хүмүүсийн хэргийг хамтад нь шалгах ёстой” хэмээн тайлбарласаар байтал Г.Ганбаатар хурандаагийн хэргийг салган, тусад нь авч хэлэлцэхээр болж байгаа нь өөрөө эргээд хардлагыг төрүүлж байгаа юм. Учир юун гэвээс хэрвээ бусдын хардаж байгаачлан энэ хэргийг заавал лхагва гаригт шийдэх ёстой байсан гэвэл тэдэнд үүнээс өөр гарц байгаагүй байж болох. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хурлыг хойшлуулах зайлшгүй шалтгаан хэд хэд бий.
Үүний нэг нь шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тухайн шүүх хуралд ирэх боломжгүй гэдгээ шүүх хурлаас өмнө шүүх бүрэлдэхүүнд мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Үүний дагуу Б.Оросоо өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлын өмнөх өдөр албан ёсоор хүргүүлсэн байна. Ингээд шүүх хуралдаан эхлэхэд дахин эл байдлыг тайлбарласан боловч хүлээж авах боломжгүй хэмээгээд дөрвөн жил хамтад нь шалгасан хэргииг салган, шуугиан дэгдээгээд байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тохиолдолд хурал хойшлох үндэслэл болдог гэсэн үг.
Түүнчлэн шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн өмгөөлөгчийг 513 мянган төгрөгөөр торгох шийдвэрйг гаргаад байгаа юм. Гэтэл энэ нь мөн л Б.Оросоо өмгөөлөгчид Өмгөөллийн тухай хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн явдал болж байгаа юм. Мөн өмгөөлөгч нь ажилтай гэдгээ илэрхийлсээр байтал үйлчлүүлэгчийг нь цагдан хорьж байгаа нь мөн л зүйд нийцэхгүй, хууль бус шийдвэр хэмээн хуульч, өмгөөлөгчид тайлбарласааар байна. Мэргэжлийнхэн ийн тайлбарлаж байна.
Шүүх хурал эхэлсэн цагаас эхлээд л хохирогчид болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн сүхбаатар дүүргийн гадаа жагсаж, өөр өөрийн эсэргүүцлээ илэрхийлсэн лоозонг барьсаар зогссон. Харин үүний хажуугаар дүрэмт хувцастай цагдаагийн албан хаагч нар маш олноороо ирсэн байсан нь нэлээд сонирхол татаж байв. Тэнд ойролцоогоор бараг 100 гаруй албан хаагч жагссан байсан. Эдгээр цагдаа нар хэв журам хамгаалах үүднээс эсвэл эмх замбараагүй байдал бий болохоос сэргийлж энд цугласан гэвэл эндүүрэл болно. Ихдээ л тэдний тал нь албан ёсоор хамгаалалтад ирсэн хэмээж байсан. Харин үлдсэн нь юуны тул ийн жагсах зогсов. Тэд цагдаагийн удирлагуудаа өмгөөлөн, тэдэнд ял оноох вий гэсэндээ, хорих анги уруу аччих вий гэсэндээ хэний ч заавар зөвлөгөөгүйгээр энд ирсэн гэдгээ хэлж байв.
Хурандаа нарыг цагдан хорих шийдвэр гарсны дараагаар тэдний биеийн байдал муудаж, улмаар 103 дуудсанаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн юм. Гэтэл сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр шүүгдэгчдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүл гэсэн нь ёстой л гал дээр ус цацахтай адил зүйл болсон. Ийнхүү шүүх хурал албан ёсоор өндөрлөж, шүүх хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр гарахад гадаа цугласан олон түүн рүү бараг л уухай хашгиран дайрч байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Хүмүүс шүүгч рүү дайрч, энд тэндээс нь зулгаан, цохиж байхад шүүхийн гадна цугласан тэр олон цагдаа нэг нь ч хөдлөөгүйг харахад тэд үнэхээр сэтгэлийн дуудлагаараа энд иржээ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн юм. Үүнээс бид цагдаа үүргээ биелүүлсэнгүй, хамгаалалт хийх ёстой байсан гэж шүүмжилж болохоор л байлаа. Гэвч эл үйл явдлыг хэн ч ингэж дүгнэсэнгүй. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг цагдаа цагдаадаа хэчнээн элэгтэйг өнгөрсөн лхагва гаригт болсон хурандаа нарын шүүх хурал харуулав.
Мөн уг хэргийн шүүх хурал үнэхээр л хүчний байгууллагуудын хараанд байгаа нь шүүх хурлын дараагаар харагдсан. Шүүх хурал дууссаны дараа УЕП-оос хоёр ч удаа мөн нийслэлийн шүүхээс албан ёсны мэдэгдэл гаргаж, шүүх бүрэлдэхүүн хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсэн явдал юм. Ямар байгууллагаас ямар мэдэгдэл гаргах нь угтаа тийм ч сонин биш. Хамгийн гол нь шүүх прокурорынхон хоорондоо талцаж байна гэдэг өөрөө хамгийн том асуудал. Жирийн иргэд сонгуулийн будлианыг эсэргүүцэн жагссаны дүнд юу болсныг Та бид мартаагүй. Гэтэл хууль сахиулах, энх тайвныг тогтоох үүрэг хүлээсэн тусгай албаныхан хоорондоо тэрсэлдэхээр юу болж хувирах вэ. Энэ асуудлыг нэг тийш болгож, ядахдаа хүчний байгууллагуудаа нэг зүгт харуулахгүй бол асуудал хаашаа ч эргэж мэдэхээр байгааг энд сануулъя.
Б.Чимэг