
Бизнесийн хүрээллээс хальж, НХХЯ-ны дэд сайдаар томилогдож, Засгийн газарт багтсан Н.Номтойбаяр дахиад нэг сонирхолтой хоч авчээ. Тэр нь “улс төрийн нусгай”. Энэ нэрийг түүнд улс төрийн сэнтийд удаан заларсан овгорууд л өгсөн биз. Уг нь бүгд л “нусгай” байж улс төрд хөл тавьдагсан. Гэхдээ МАН-ынхан дундаас хүчтэй хүний мөнгөтэй хүүд хамгийн найрсаг хандаж байгаа нь дарга нар нь. Харин залуучууд бол мөнгөөр хөшүүрэгдэж байгаа гэж тун дургүйхэн байдаг аж.
“Но-той баяр”, “Юмтай-Баяр”, “Бэлэн мөнгөний АТМ” гээд түүний талаарх алдар гуншин, хочууд нь хөвөрнө. “Но-той баяр”-ыг ингэж оролдох болсон нь түүний мөнгөтэйнх үү, эсвэл МАН шударга бус томилгоо хийж түүнийг дэд сайд болгосон нь буруудаад байна уу?
Их аварга Д.Дагвадоржид буу тулгаж явсан гэгддэг Н.Номтойбаяр намд орсноосоо хойш л ийм олон хочтой болоод байгааг харахад МАН л буруутай болоод байх шиг. Илт мөнгө харж томилгоо хийж байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа тул МАН-ыг улс төрийн нам жинхэнэ утгаар нь дэмждэг залуус хэзээ мөдгүй нүүр буруулж магадгүй л юм.