Уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийн
тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ын гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай
Эверестийн ноён оргилд гарахаар болжээ.

Уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийн тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ын гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд гарахаар болжээ. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтсан байна. Манай тамирчдын хувьд анх удаа дангаар багаа бүрдүүлж Эверестийг зорьж буйгаараа ихээхэн онцлогтой. Баг тамирчид энэ сарын 29-нд эх орноосоо мордож 4000-аас дээш метртэй 14 ууланд дайралт хийж, ирэх тавдугаар сарын 20-нд үндсэн дайралтаа эхлэн 27-28-ны өдрүүдэд авиралтаа өндөрлүүлж нийт 8850 метр өндөрт гарах төлөвлөгөөтэй байгаа аж. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийг өчигдөр УИХ-ын гишүүн, МоАХ-ын дарга Х.Баттулга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн "Дэлхийн зулай оргил Эререстэд МоАХ-ны тугийг мандуулаад ирээрэй" хэмээн гардууллаа. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийн хувьд монголын бүх уулын оргилд дайралт хийж 1997 онд Гиммалайн уулсаар хоёр өдөр нэг шөнө аялж байжээ. Одоо уулын оргилд гарах багийн уулчдаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, Б.Ганбаатар нар 2006 онд Эверестэд дайралт хийн цаг агаарын таагүй байдлаас болж 150 метр дутуу орхиж байсан юм.