Цагдаагийн экс дарга нарын шүүх хурлаас дөрөв хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт тодорхой үүрэг өгсөн.

Цагдаагийн экс дарга нарын шүүх хурлаас дөрөв хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт тодорхой үүрэг өгсөн. Тэрээр цагдаагийн экс дарга нарын шүүх хурлын үеэр цагдаагийн алба хаагчдын гаргасан алдаанд дүгнэлт хийж, тэдэнд авах арга хэмжээнийхээ талаар бичгээр танилцуулахыг үүрэг болгосон билээ. Мөн “Миний ярьсныг болон уг танилцуулгад дурдсан зүйлийг ЦЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж, хэн юу гэж хэлсэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хийсэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй” хэмээн үүрэгдсэн юм. Үүний хариуд Д.Сандаг-Очир генерал асуудалд дүгнэлт хийж, эргэж танилцуулахаа илтгэсэн.
Эх сурвалжийн хэлснээр, ЦЕГ-ын даргын зөвлөл уржигдар буюу мягмар гаригт хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хийгээгүй аж. Тиймээс ирэх мягмар гаригт буюу энэ сарын 27-нд хийхээр төлөвлөсөн байна.
Б.Золбоо