Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа билээ. Цэцийн гишүүд 3-р сарын 28 буюу ирэх лхагва гарагт хуралдаж энэ асуудлыг эцэслэн шийдэх юм. Монгол улсын Үндсэн хуулинд УИХ-ын гишүүдийг иргэд “шууд” сонгоно гэж заасан байдаг бол шинээр батлагдсан хуулинд мажоритар 48, пропорционал 28 гэсэн холимог системээр явна гэж заасан байдаг. Пропорционал буюу хувь тэнцүүлсэн аргаар сонговол сонгогчид нэр дэвшигч биш намыг нь дугуйлах болно. Тиймээс энэ нь “шууд” сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Хэрэв цэц Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл хуучин системээр буюу 76 гишүүнийг тойргоос шууд сонгодог хуучин мажоритар системээр явах юм. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй олон улс төрч цэцийн шийвэр хэрхэн гарахыг тэсэн ядан хүлээж байгаа юм. Ирэх сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг шийдэхэд долоо хоног үлдээд байна.