
Зураач О.Үржинхандын бүтээлээс үр хүүхдээ хайрлан, амьдралын төлөө зүтгэж буй ээж, анхныхаа үрийг элгэндээ тэврээд мишээж байгаа эмэгтэй хүнийг уран зургийн аргаар гайхалтай дүрсэлсэн байна. Тэрбээр зургаа тойрог, дугуй дотор зурдаг. Үүнийгээ тайлбарлахдаа “Би эмэгтэй хүний амьдралыг нүдэн дотор зурдаг. Нүд үнэн чих худал, нүд сэтгэлийн толь гэж ярьдаг шүү дээ. Би гурван хүүхэдтэй. Нэг удаа хүүхдээ салхилуулаад явж байтал эргэн тойрныхон биднийг хараад өрөвдөөд байгаа юм шиг санагдсан. Тэр хүмүүсийн бодол нүднээс нь харагдаад байсан болохоор уран бүтээлээ ингэж илэрхийлэхээр болсон” хэмээн ярьсан юм. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс түүний 2010 онд зурсан “Сэтгэлийн толь” хэмээх зураг хүмүүсийн сонирхлыг татаж байсан. Харин зураач Л.Хонгорзул эмэгтэй хүний уян хатан хөдөлгөөнийг уран бүтээлийнхээ “сүнс” болгон зуржээ.