Өчигдөр ЗТБХБ-ын яамны албан тушаалтнууд тус яамны сайд асан Х.Баттулгын
хийсэн “нууц гэрээ”-г сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ гэрээ жинхэнэ хувь
мөн эсэх, улсын нууцад хамаарах эсэх гээд олон зүйл дээр тэд зөрчилтэй
хариу өгч байсан юм. Тэдний яриаг бүрэн эхээр нь хүргэе.
ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж: Х.Баттулга сайд танилцав гээд гарын үсэг зурсан байна лээ. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдад итгэх ёстой.
- Сүүлийн үед манай яам болон Таван толгойтой холбоотой асуудлаар нэлээд мэдээлэл цацагдаж байна. ЗГХЭГ-аас энэ талаар бодитой хариу өгөөч ээ гэсэн тул бид ирлээ. Өнөөдөр ирсэн байгаа эдгээр албан хаагч нар бол гол үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой хүмүүс. Одоогоор гурван гэрээний асуудал яригдаж байна. Бид яам дээрээ цугларч бодитой үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд газрын дарга нарыг авчирсан. 
- Ц.Нямдорж сайдын ярьсан шиг тийм гэрээ байгуулагдсан нь үнэн юм уу?
- Би бол сайн мэдэхгүй. Тэрийг мэдэхгүй шүү дээ. Нэр усыг нь хэлбэл мэднэ.
- Тэгээд ямар гэрээг хууль зөрчсөн гээд яриад байгаа юм бэ? Танай яам энэ гэрээний талаар яагаад мэдээлэлгүй байгаа юм бэ?
- Төмөр замыг хөгжүүлэх шинэ арга хэмжээ хөтөлбөрийг хөгжүүлэхэд тухайн яамны сайд бол өөрийнхөө дэргэд ажлын групп байгуулдаг. Тэр группыг Ганбат гэж хүн толгойлж байсан. Энэ группын хэмжээнд асуудлууд боловсрогддог байсан. Энэ явцад хийгдсэн гэрээнүүд байна л даа. Бид сая ХЗДХ-ын яамнаас хүсэлт тавьж энэ гэрээг авлаа. ЗТБХБ-ын яамны албан хаагчдад энэ гэрээ манайд байна уу, үгүй юу гэж үзүүлсэн. Аль нэг тал руу хазайлгахгүй, бодит байдлыг мэдээлэхийн тулд ирсэн. Энэ гэрээг үзэхээр манай гадаад харилцааны хэлтийн дарга ч ирсэн.
- Яагаад ажилчид нь энэ гэрээний туха мэдэхгүй байгаа юм бэ?
- Би сая хэллээ шүү дээ. ХЗДХ-ийн яаманд хүсэлт гаргаж баримт бичгийг чинь ашиглаад өгье гэсэн. Энэ дагуу л авчирсан. Энийг нь авчихаад эргүүлээд өгөх л үүрэгтэй.
- Танай яам дээр байх ёстой гэрээ яагаад ХЗДХ-ийн яам дээр байгаа юм бэ?
- Энэ аж ахуйн нэгж хооронд байгуулсан гэрээ байна лээ. Тиймээс заавал манай яам дээр хадгалагдаж хянагдаж байх учир зүйгүй. Сайд асан Х.Баттулга бол танилцав гэсэн байдлаар гарын үсэг зурсан.
- Хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?
- Хууль зөрчсөн эсэх талаар бид нар хариулт өгдөг хүмүүс биш шүү дээ. Хууль зөрчиж байна гэдгийг шалгадаг мэргэжлийн байгууллага Засгийн газрын бүтцэд байдаг. Ер нь гэрээ хэлэлцэл гэдэг бол яамны хэмжээнд олон хийгддэг ажил. Тиймээс энд суугаа бид бол хариулах болоцоогүй байна.
- Яг ямар нууц гэрээ байгаа юм бэ?
- Дахиад тодорхой хэлье. Манай яамны гадаад харилцааны хэлтэс дээр энэ бичиг байхгүй. Байхгүй учраас ХЗДХ-ийн яамнаас олж авсан. Бид өөрсдийнхөө хэмжээнд хариулъя. Төрд алба хашиж байгаа хүмүүст ямар хариуцлага байдаг тэр түвшинд л хандана. Тиймээс энэ хүмүүсийн ярианд итгэх ёстой. Яагаад гэвэл бид өнөөдөр тангараг тавьсан төрийн албан хаагч нараа авчирч уулзуулж байна.
- Орон сууцны гэрээ юм уу, төмөр замын гэрээ юм уу?
- Энэ гэрээн дээр “Төмөр зам хөгжүүлэх тухай хамтарсан гэрээ” гээд бичсэн байна. Энэ гэрээ жинхэнэ гэрээ юу гэдгийг бид мэдэхгүй. Манайд хадгалагдаж байгаа гэрээ, баримт бол албан ёсных. Энэ гэрээний ард бол яалт ч үгүй манай хуучин сайд байсан хүн гарын үсэг зуржээ. Энэ гарын үсэг манай сайдын гарын үсэг мөн гэдгийг бид мэдэж байгаа учраас энэ асуудлыг ярьж байна. Бид байгаа юмыг байгаагаар нь хэлэх үүрэгтэй. Илүү дүгнэлт, таамаглал хэлэх арга байхгүй. Энэ бүх юмыг бүрэн мэдээлэх бололцоо бидэнд алга аа.
- Хэн гэдэг хүн нөгөө талаас гарын үсэг зурсан байгаа юм бэ?
- Эхлээд “Монголын төмөр зам” төрийн өмчит компаний гүйцэтгэх захирал Батзаяа гарын үсэг зурсан байна. Дараа нь “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ний Уилиам Ван гэсэн дарга зурсан байна. Мөн энэ компаний ахлах зөвлөх Ион Жу Ким гэсэн хүний гарын үсэг байна. Тэгээд доор нь зөвшөөрсөн гээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гэсэн гарын үсэг байна.
- Гурван гэрээ гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
- Гурван гэрээ гээд байгаа нь бүгд хятад, солонгосчуудтай холбоотой гэрээ. Нэг нь Батзаяа гэдэг хүний гарын үсэг зурсан санамж бичиг. Энэ бол манай яам дээр байхгүй. Байхгүй юмыг битгий асуугаад бай. Мэдэхгүй юманд хариулж худлаа яриад яахав. Мэддэг хүн болоод буруу зөрүү юм яриад яахав. Манай яам дээр бол ийм гэрээ байхгүй гэдгийг л хэлье. “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК, “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ний хооронд байгуулсан гэрээ гээд байна. Энэ чинь хэвлэл дээр гарчихсан зүйл шүү дээ. Тэрийг л та нарт мэдээлж байна. Тэрнээс яг одоо бодит гэрээ нь бидний гарт байхгүй учраас энд хариулт өгөх боломж алга аа. Гурав дахь гэрээ нь манай яаманд бий. Хятадын Төмөр замын яамны сайдтай байгуулчихаад дараа нь гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гээд хадгалж байгаа нэг санамж бичиг байдаг.
- Х.Баттулга сайдын гарын үсэг зурсан гээд байгаа нь гэрээ юм уу, санамж бичиг юм уу?
- Хятадын Төмөр замын яамтай байгуулсан нь санамж бичиг. Энэ бол яалт ч үгүй гэрээ. /Х.Баттулга сайдын гарын үсэгтэй гэрээний нүүр болон арын хуудсыг үзүүлэв./
- Ийм гэрээ хийгдсэн байхад та дэд сайдаар ажиллаж байгаа хүний хувьд яагаад мэдээгүй юм бэ?
- Бүх гэрээг яамны дэд сайд мэддэггүй. Тухайн үед манай яамны төмөр зам хариуцсан дэд сайд нь Гансүх гэж хүн байсан. Өнөөдөр ардчилсан намын сайд нар Засгийн газраас гараад явчихсан. Тэгэхээр одоо бол яагаад ингэсэн гэдгийг хариулж чадахгүй. Шаардлагатай бол Гансүх гэдэг хүнийг дуудаж уулзаж болно. Төмөр замын бодлогын газар төслийн нэгж байгуулаад тэнд ажил явагдаж байсан. Яамны Бодлогын газарт тэр бүх асуудал яригддаггүй байсан болохоор мэдэхгүй гэдгийг би Засгийн газрын хурал дээр ч хэлсэн.
- Тэр төслийн нэгж нь хаанаас санхүүжиж, хаана байрлаж байсан юм?
- Тэр асуудлыг би мэдэхгүй.
- Танайд мэдээлэл нь ямар нэг хэмжээгээр байх ёстой биш үү? Төмөр замын асуудал зогсонги байдалд орсон бол хэн хариуцах юм?
- Зогсонги байдалд орсон гэдгийг манай сайд байсан хүн өөрөө ярьж байгаа асуудал. Зогссон юм уу, үгүй юу гэдэг асуудлыг би зогссон гээд хэлж чадахгүй. Зосгоогүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл яамны сайд нар ажлаа хуваарилаад авдаг аа. Би бол тухайн үед барилга, зам гээд бусад салбарыг хариуцаж байсан. Тийм учраас асуудлыг яаж шийдэх нь тухайн сайдын өөрийнх нь эрх байдаг. Би байгаа бодит байдлыг л танилцуулж байна. Харин та нар хүмүүс зөв, буруугаа хэлэлцэж, ярилцаж байгаа нөхцөлд ямар нэгэн илүү, дутуу юм нэмж битгий яриарай. Би зориуд газрын дарга нараа авчирч байгаа нь учиртай. Энэ хүмүүс бол төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүс. Энэ тангарга өргөсөн хүмүүсийнхээ ярианд Монгол улс итгэх ёстой.
- 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотой гэрээ хийсэн гээд яригдаад байгаа нь үнэн үү?
- Тэр асуудлыг бид мэдээгүй. Зуун мянган айлын орон сууцтай холбоотой маш олон гэрээ байгуулагдсан. Яг өнөөдрийн сэдэв дотор багтаагүй байгаа учраас мэдэхгүй байна.
- ОХУ-тай өмнө нь ямар гэрээ хийсэн байсан юм бэ?
- Би Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонссон. Өнөөдөр намайг энэ гурван гэрээтэй холбоотой материалыг авчираач гэж ЗГХЭГ-аас хэлсэн дагуу ирлээ. Тэр олон гэрээг үзэж хараад юуг нь хариулах вэ гэдгээ хэлж чадахгүй байна. Шаардлага байвал үзэж хараад хариулж болно.
- Х.Баттулга сайд нууцаар хийсэн учраас нууц гэж нэрлээд байна уу, эсвэл нууцын зэрэглэлд хамаарах гэрээ учраас нууц гээд байгаа юм уу?
- Би энийг хариулж чадахгүй.
- Нууц мөн, биш гэдгийг нь мэдэхгүй байж яагаад мэдээллийг нь тарааж байгаа юм бэ? Олон нийт мэдэх ёстой асуудал мөн юм уу, үгүй юу?
- Энэ нууц мөн үү, биш үү, буруу зөрүү юу гэдгийг хянан шалгадаг ЗГ-ын бие даасан тагнуулын алба гээд өдий төдий байгууллага байдаг. Бидний ажил үүргийн зааварт байдаггүй.
- Х.Баттулга сайд энэ гэрээг байгуулсан юм уу?
- Мэдэхгүй, тэрийг би хариулж чадахгүй. Яам дээр энэ гэрээ байхгүй. Гарын үсгийг хараад манай сайдынх мөн байна аа л гэлээ.
- Энэ гэрээ нь Таван толгойг гацаах шалтгаан болж байга юм уу? Ямар сөрөг үр дагавар үүдээд байгаа вэ?
- Би өөрийн чинь асуултыг ойлгосонгүй. Энэ гэрээнээс болж Таван толгойн ажил зогссон уу гэвэл би мэдэхгүй.
- Ц.Нямдорж сайдын яриад байсан 20 хуудас гэрээ байна уу, үгүй юу гэдгийг хармаар байна. Тэрнээс таныг буруутгах гэсэн зүйл байхгүй шүү дээ?
- Энэ гэрээ англи, монгол хоёр хэл дээр байна аа. Би бол энэ яг жинхэнэ гэрээ юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Албан бичгийн дүрэмд зааснаар үзвэл оргинал гэрээ гэж үзнэ. Өнөөдөр ганцхан сайдын гарын үсэг мөн байна гэдгийг хэлж чадна. Гурван жил хамт ажилласан учраас яаж гар, хөлийнхөө үсгийг зурдаг вэ гэдгийг мэднэ. Тиймээс яамд байхгүй зүйлийг лавшруулж янз бүрийн юм асуугаад байх хэрэггүй. Эх хувь биш байгаа байхгүй юу. Ер нь эх хувь ингэж явах ч учиргүй.
- Нууц гээд байгаа гэрээг сэтгүүлчдэд үзүүлэх боломжгүй юу?
- Нууц гээд бичсэн юмыг үзүүлж болохгүй л дээ. Ингээд биччихсэн л юм байна. Энэ доторхыг бол та нар харах хэрэггүй. Байгаа байдлыг л танилцуулах гэсэн болохоос бид та нарыг ирээч гээгүй.
- Та доторхийг нь унших уу?
- Надад тийм зав алга.

- Танд Х.Баттулга сайдын гарын үсэгтэй гэрээний талаар мэдээлэл байна уу?
- Тэгэхээр манай байгууллага дотоод журмын дагуу яамны хэмжээнд гадаадын хуулийн этгээдүүдтэй байгуулж байгаа хамтын ажиллагааны баримт бичгүүдийг бүртгэж, хадгалах үүрэгтэй. Бидний гол үүрэгт яамны түвшинд байгуулагдаж байгаа баримт бичгүүдийг эрх зүй, журмын хувьд нийцэж байгаа эсэхийг хянаж зөвлөмж өгөх үүрэгтэй. Өнөөдрийн яригдаж байгаа баримт бичгийн хувьд манай хэмжээнд бүртгэгдээгүй байна. Өнөөдөр л үзэж байна.
- Энэ гэрээ улсын нууцад хамаарах уу?
- Аж ахуйн байгууллагатай төрийн өмчит компани гэрээ байгуулж болно. Байгууллагынхаа хувьд нууцын зэрэглэлтэй байж болно. “Монголын төмөр зам” бол зуун хувь төрийн өмчит компани. Энэ гэрээ концессийн агуулгатай, нууцын зэрэгэлэлтэй гэрээ гэж би үзэж байна. Хуулийн дагуу концессийн эрх олгож байгаа бол нууцлалын зэрэглэлд орно. Хоёрт, хэрэв нууцаар байгуулах гэж байгаа бол яам эсвэл төрийн өмчийн хороогоор дамжуулаад Засгийн газарт асуудлаа оруулах ёстой. Тэгэж байж гарын үсэг зурах, байгуулах эрхээ авна. Заасан хугацаа хүртэл нууцыг хадгалах ёстой. Энэ гэрээнд Х.Баттулга сайд зөвшөөрөв гээд гарын үсэг зурсан байгаа байхгүй юу. Тэгэхээр аливаа нэг бичиг баримт салбарын сайд гарын үсэг зурсан л бол эх хувь нь манай яам дээр байж байх ёстой. Зүгээр бичиг байна уу, нууц баримт байна уу гэдгээр нь ангилаад хадгалдаг. Асуудал юундаа байгаа вэ гэхээр өнөөдөр тэр гарын үсэг зурсан бичиг нь яам дээр байхгүй байна. Ерөөсөө л энэ. Яамны нууцад хамаарах албан тушаалтнууд энэ гэрээг өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан. Өнгөрсөн гурав дахь өдөр Засгийн газрын хурлын үеэр төмөр замын асуудал ярихад Ц.Нямдорж сайд яамныхнаас ийм гэрээ байгуулагдсан уу гээд асуусан.
- Та нарыг улсын нууцтай холбоотой мэдээлэл дэлгэлээ гэж буруутгах вий дээ?
- Доторх агуулгыг нь дэлгээгүй болохоор улсын нууц задлаагүй гэж ойлгож байна. Гэрээ нь өөрөө хуулийн дагуу ямар зэрэглэлээр байгуулагдсан бэ? Журмаараа байгуулагдсан уу, үгүй юу гэдэг бас тодорхой бус байна. Тэрийгээ зөрчөөд байгуулагдсан бол энэ гэрээг нууц гэж үзэх үү, үгүй юу гэдэг бас нэг асуудал.