Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланд анхан шатны шүүхээс таван жил нэг сар хорих ял ногдуулсан. Гэвч Г.Энх-Амгалан багш анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан байна.

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланд анхан шатны шүүхээс таван жил нэг сар хорих ял ногдуулсан. Гэвч Г.Энх-Амгалан багш анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг пүрэв гаригт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцох аж. Уран нугаралтын багш Г.Энх-Амгаланг эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан. Түүнчлэн дээрх хэргийн шүүх хурал анхан шатны шүүхээс гурван ч удаа хойшилж байсан. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Б.Чимэг