АН-ын УИХ дахь бүлгийн хуралд өнөөдөр 20 гишүүн оролцож УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар ярилцжээ.

АН-ын УИХ дахь бүлгийн хуралд өнөөдөр 20 гишүүн оролцож УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар ярилцжээ. МАН, АН энэ асуудал дээр тохиролцох боломжгүй, эсрэг тэсрэг байр суурьтай байгаа тул 2007 онд баталсан хуулийг дагах нь зөв гэж АН үзэж байгаа. Тиймээс ерөнхий сайдыг тойргийн хороодоо байгуулж, хуулийг яаралтай хэрэгжүүлж эхлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар үүнд Засгийн газар, ерөнхий сайд энэ ажлыг хариуцахгүй гэсэн хариулт өгсөн. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ийм хариулт аваад маш их гайхсан” гэдгээ хэлж байлаа. Тэрбээр “Засгийн газар аливаа хуулийн биелэлтийг хангаж, үүний хэрэгжилтийг ерөнхий сайд УИХ-ын өмнө тайлагнана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Одоо Засгийн газарт хоёр зам байна. Нэгт, Үндсэн хуулийн дагуу одоо хүчин төгөлдөр байгаа сонгуулийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх, хоёрт, огцрох эсэх талаар УИХ-д хандах зам үлдсэн” гэв.
Засгийн газар УИХ болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна Таван толгойн хувьцааг иргэдэд тараахгүй байгаа нь ямар учиртай талаар АН-ын гишүүд хаирулт авахыг хүсчээ. Тиймээс дараагийн бүлгийн хурал дээрээ ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг дуудаж, мэдээлэл сонсох хүсэлтэй байгаа аж.
Мөн өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож түүнийг солонгос болон хятадуудтай хийсэн гээд байгаа “нууц гэрээ”-ний талаар бүлгийн гишүүддээ албан ёсны тайлбар өгсөн байна. Хэвлэлийнхэнд Х.Баттулга гишүүн өөрөө энэ тухайгаа өнөөдөр тайлбарлах тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагагүй гэж Ч.Сайханбилэг гишүүн хэлсэн юм.
Өнөөдрийн АН-ын УИХ дахь бүлгийн хурлын шийдвэрээр З.Энхболд гишүүний ахалсан Сонгуулийн бүртгэл мэдээллийн хорооныхон СЕХ болон ИБМТ-ийн ажилтай танилцахаар болжээ.