Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимыг хүлээн авах ёслол боллоо. Тус хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний заал ашиглалтад орсноор хорооны албан хаагчид нэг дороос иргэдэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү ёслолд Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Баясгалан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбагана, VIII хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, тус хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Хүний аюулгүй байдлын судалгаа” ТТБ-ын орлогч захирал, “Нэг цонхны үйлчилгээ” төслийн менежер, техникийн ухааны доктор П.Баасанжав тус хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-ний албан хэрэгцээнд иж бүрэн комьпютер болон гурван үйлдэлт хувилагчийг гардууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих”, нийслэлээс “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих”, дүүргээс “Иргэдийн оролцоог дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан VIII хорооноос энэ онд дэвшүүлсэн “Иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлж-Өрхийн амжиргааг дэмжих” зорилтын нээлтийн арга хэмжээ болж хорооны “Хүүхэд-Хөгжил төв”-ийн байранд иргэдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргав.
Б.Чимэг