зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд өргөн барив

2012-3-27
0
ЖИРГЭХ

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах бусад хуулийн төслийн хамт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, зохих журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсрах болно

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах бусад хуулийн төслийн хамт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, зохих журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

   Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч, гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгалахаар тусгажээ

   Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан, бүх нийтээрээ даган мөрдөх болсноос хойш Улсын Их Хурлаас 2000 онд  нийт 7 зүйл, заалтад нь нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдөр ихээхэн хүндрэл, шүүмжлэлийг  дагуулах болсон билээ.  Тухайлбал Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлтийг оруулсан юм. Үүнийг дагалдан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэсэн өөрчлөлт оруулан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиудыг эдгээр өөрчлөлтүүдэд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан байсан.

   Ингэснээр Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо  алдагдаж, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн хоорондын эрх, үүрэг, хариуцлагын механизм  байхгүй болсон юм.

   Улс орны нийгэм, эдийн засгийн өсөн тэлж буй харилцааг даган Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүн хавсран гүйцэтгэх нь улам хүндрэлтэй болж, санаатай санамсаргүй байдлаар албан үүргээ цалгардуулах явдал гарч байна. Тодруулбал Засгийн газрын гишүүний үүрэг ажлыг хавсран гүйцэтгэж буй Улсын Их Хурлын гишүүд нь бусад гишүүдтэй харьцуулахад хуралдаанд оролцох идэвх муу, нэг байнгын хороонд харъяалагддаг  ч тэрхүү хорооныхоо хуралдаанд тэр бүр оролцож чадахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.

    Энэ болон бусад олон сөрөг үр дагавар үүсгэж буй дээрх нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улсын Их Хурлын зарим гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг тус тусдаа боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу  Улсын Их Хурлын даргын 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан ажиллаж байна.

   Гэвч энэхүү ажлын хэсгийн  боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсрах эсэх тухайд “Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэсэн  зохицуулалтыг хуульчлахаар тусгасан нь 1996 оны Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийг сэргээн хэрэглэх гэсэн оролдлого болжээ.

    Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 3 дугаар тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон  энэхүү заалтыг сэргээн хэрэглэснээр  бид бүхний өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн  засч залруулж чадахгүй нь нэгэнт тодорхой тул  цаг нөхцөөсөн, аргацаасан шинжтэй зохицуулалтаар тулгамдан буй асуудлыг шийдвэрлэх гэж зорьж буй явдлыг зогсоох шаардлагатай байна.  Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн,  төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодотгон сайжруулах  үүднээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

    2000 оны Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлтийг даган Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг “Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн байдлаар өөрчилж, илүү нарийвчилсан зохицуулалтыг “органик” хуулийн төвшинд хийх байдлаар  Үндсэн хууль дахь төрийн эрх мэдэл хуваарилах суурь үзэл баримтлалыг сахин хамгаалж, улмаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь Улсын Их Хурлын гишүүд хавсран ажиллах боломжийг олгож буй хууль, эрх зүйн орчинг хязгаарлаж чадах болно.

    Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулснаар парламентат ёсыг боловсронгуй болгон бэхжүүлэх, төрийн эрх мэдэл хоорондын хяналт, хариуцлагын зохистой тогтолцоог сэргээн тогтоож Үндсэн хуулийн үзэл санааг хадгалж үлдэх боломжтой хэмээн үзэж байна.

   Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль байхгүй хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

 

Цаазаар авах ялыг халж, бүх насаар нь хорино

      Монгол Улс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах бусад хуулийн төслийн хамт санаачлан боловсруулжээ.

    Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг  хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх  эрхэм зорилгыг үзэл баримтлал болгосон байна.

   Цаазаар авах ялыг Монгол Улсад бүрэн халж, цаазаар авах ял оногдуулж болохоор заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар хорих ял оногдуулж болохоор өөрчлөн төсөлд тусгажээ. Бүх насаар хорих ялыг бүх насаар хорих ял эдлүүлэх тусгай гянданд эдлүүлдэг байхаар, бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй бөгөөд уг этгээдэд уучлал үзүүлсэн тохиолдолд гучин жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солих, мөн гучаас дээш жилийн хорих ял эдэлсний дараа нийгэмд аюулгүй болсон онцгой тохиолдолд түүнийг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна.

   Түүнчлэн арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгүүлсэн боловч хорин жил өнгөрсөн тохиолдолд үндсэн болон нэмэгдэл ялыг эдлүүлэхгүй байх хөөн хэлэлцэх хугацааг төсөлд тусгасан байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Шүүхийн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслүүдийг боловсруулжээ.

   Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, ард олны дунд ноцтой сөрөг хандлага, үр дагавар үүсэхгүй гэж үзсэн байна.

   Цаазаар авах ялыг халж, бүх насаар хорих ялаар шийтгэхээр хуульчилснаар тухайн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбоотой тодорхой хэмжээний зардал гаргах боловч эцсийн үр дүндээ эрдэнэт хүний амийг  хилсээр егүүтгэхээс Монголын төр сэрэмжилж, Монгол Улсын гадаад, дотоод дахь нэр хүнд үлэмж өсөх таатай нөхцөл байдал бий болох болно гэж танилцуулгад тэмдэглэжээ.

 Лавлах

   Цаазаар авах ял, түүнтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын 12 хуульд байх ба дурдвал,

- Иргэний бүртгэлийн тухай хууль,

- Онц байдлын тухай хууль,

- Татварын өршөөл үзүүлэх тухай хууль,

- Төрийн нууцын тухай хууль,

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль,

- Шүүхийн тухай хууль,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,

- Эрүүгийн байцаан шийтгэх хууль,

- 2000, 2006, 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус байдаг бөгөөд үүнээс зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн 5 хууль байна.

   Монгол Улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага болох Нэгдсэн Үндэсний Байгууллагын идэвхтэй гишүүн орон. НҮБ цаазаар авах ялыг эрс буруушаан, энэ ялаас татгалзахыг гишүүн орнууддаа байнга сануулсаар байгаа уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа улсуудын тоо өссөөр байна. Дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү хувь нь буюу 149 нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна.

   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдаж, хүчин төгөлдөр болсон "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын"-ыг Монгол Улс 1974 онд соёрхон баталсан юм.

   Уг Пактаар баталгаажсан хүний суурь эрх болох амьд явах эрхийн хэрэгжилтийг баталгаатай хангах, энэ талаар дэлхийн улс орнуудын байр суурийг нэгтгэх зорилгоор 11 зүйл бүхий Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын хууль тогтоох байгууллага түүхэн хугацааны явцад олон улсын хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаазаар авах ялыг халах асуудлыг нэг бус удаа авч хэлэлцэж иржээ.

   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудаар цаазаар авах ял оногдуулах хэрэг, тохиолдлыг тодорхойлж өгсөн ч Монгол  Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх өөрийн байр сууриа 2010 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулган дээр илэрхийлсэн билээ. Үүгээр Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү байр суурийг эрх зүйн хувьд баталгаажуулж, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслийг 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Улсын Их Хурлаар хэлэлцэж баталсан. Ийнхүү Монгол Улсын нэгдэн орсон энэхүү Протоколыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

   Төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн амьд явах эрхтэй”, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах... эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын гуравдугаар хэсгийн 6 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална”, Нэмэлт II Протоколын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улс бүр өөрийн эрх хэмжээний хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж заасныг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” 2009 оны 38 дугаар тогтоолыг үндэслэн, эрх зүйн салбар дахь төрийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлэх зарчмыг баримтласан байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйл, гэмт хэргийн ангилалд “...арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг” гэж, 52 дугаар зүйл хорих ялын тодорхойлолтод “Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна. Хорих ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар оногдуулж болно” гэж тодорхойлсон байна.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргүүд нь онц хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 84 /Хорлон сүйтгэх/ дүгээр зүйлийн 84.1, 302 /Төрлөөр устгах/ дугаар зүйлийн 302.1-д заасан гэмт хэрэг, 81 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/ дүгээр зүйлийн 81.2, 91 /Хүнийг санаатай алах/ дүгээр зүйл 91.2, 126 /Хүчиндэх/ дугаар зүйлийн 126.3, 177 /Зандалчлах/ дугаар зүйлийн 177.2, 1781 /Терроризм/ дүгээр зүйлийн 1781.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдэд арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заажээ.

   Одоогийн үйлчилж буй Эрүүгийн хуулиар цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй /74.4/, гучин жил гянданд хорихоор /53.3/ заасан байдаг.

   1994 оноос 2011 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд цаазаар авах ял шийтгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар амь уучлагдсан 35 ялтан байдгаас 8 ялтан нас барж, 2 ялтан дэглэм буурч, 25 ялтан 30 жил гянданд хорих ялтайгаар ял эдэлж байна.

   Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсэн тохиолдолд ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болохоор хуульчилсан байдаг. Мөн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйл буюу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журамд заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтаар цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан ялтнууд дэглэм буурах нөхцөл үүсэх байдлыг хааж хууль буцаан хэрэглэхгүй тухай заалтыг оруулах шаардлагатай болж байна.

   Дээр дурдсан 2 ялтны дэглэм буурсан үндэслэл нь 1987 оны Эрүүгийн хуулийн цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийн амь уучилсан тохиолдолд цаазаар авах ялыг 15-20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих тухай заалтыг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд бүх насаар хорих ялаар солихоор зааснаас хойш ял шийтгүүлж, хугацаагүй хорих ялтай хоригдож байсан ба 2002 оны шинэ Эрүүгийн хуулиар цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан этгээд гучин жил гянданд хорихоор хуульчилсан  тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмаар дэглэм буурсан байна.

   Эрүүгийн эрх зүйд онцгой ял гэдэг ойлголтод цаазаар авах ялыг хамааруулж ойлгодог.  Иймд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 46 дугаар зүйлийн 46.1.7 дахь хэсэгт заасан цаазаар авах ялыг хасч, бүх насаар хорих ял болгон өөрчилсөн тохиолдолд 53 дугаар зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн эрх зүйн ялын 7 /торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах/ төрлөөс үндсэн ялын төрөлд багтах цаазаар авах ялыг халан гучин жил хорих ял болгон онцгой ял гэж нэрлэх нь ойлгомжгүй болж Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд заасан хорих ялаас зарчмын ялгаа гарахгүй тул 52 дугаар зүйлд хэсэг нэмэх байдлаар бүх насаар хорих ялыг хуульчлан тодорхойлох нь тохиромжтой гэж үзжээ.

   Цаазаар авах ял шийтгэж болохоор заасан гэмт хэргүүдэд арван таваас дээш хорин таван жил зарим гэмт хэрэгт хориос дээш хорин таван жил хорих ял оногдуулж болохоор хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн 17.5 дахь хэсгийг “арван жилээс дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу бүх насаар хорих ял шийтгэх”-ээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэгт тооцох, 53 дугаар зүйлийг хүчингүй болгож 52 дугаар зүйлийн 52.12-52,14 дэх хэсэгт “52.12. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд бүх насаар хорих ял оногдуулж болно. 52.13. Бүх насаар хорих ялыг бүх насаар хорих ял эдлүүлэх тусгай гянданд эдлүүлнэ. 52.14. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдэд уучлал үзүүлсэн тохиолдолд гучин жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино. 52.15. Бүх насаар хоригдож буй этгээд гучаас дээш жилийн хорих ял эдэлсний дараа нийгэмд аюулгүй болсон онцгой тохиолдолд түүнийг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 52.16. Эмэгтэйчүүдэд бүх насаар хорих ял оногдуулж болохгүй.” гэсэн нэмэлт оруулж 76 дугаар зүйлийн 76.3-ыг хүчингүйд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа тоолох 76.1.5 дахь заалтыг нэмбэл зарчмын хувьд зөрчилгүй, одоогийн ял эдэлж буй этгээдүүдэд ял завших нөхцөл үүсгэхгүйгээр цаазаар авах ялыг халж Ерөнхийлөгч уучлал үзүүлснээр 30 жил гянданд хорих ялаар солигддог байдлыг хэвээр үлдээх нь Эрүүгийн эрх зүйн ерөнхий зарчмыг хадгалсан хувилбар гэж үзсэн байна.
Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.145)
    tsaazaar avaya, buh nasaar ni tejeej baidag yun iluudee garsan zardal ve. hunii mosgui humuusiig shuud l alah heregtei.
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    8 цаг 47 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    9 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    9 цаг 24 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    9 цаг 52 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    10 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    10 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    10 цаг 35 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    10 цаг 39 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    10 цаг 53 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    10 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    11 цаг 0 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    11 цаг 2 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    11 цаг 6 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    11 цаг 52 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    11 цаг 53 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    12 цаг 15 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    12 цаг 29 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    12 цаг 58 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    13 цаг 33 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК