
Сайдын танилцуулгаас үзвэл сүүлийн сард махны үнэ тогтвортой байсан байна. Сар шинийн баярын өмнө эрэлт хэрэгцээ эрс ихэсдэг учир бэлдсэн 12 мянган тонн нөөцийн махны 5 мянган тонныг борлуулжээ. Харин сар шинийн дараа эрэлт, хэрэгцээ буурснаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бэлдсэн махаа борлуулж эхэлсэн байна. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ тодорхой хэмжээгээр буурч, тогтвортой болох төлөв ажиглагдаж байна. Тухайлбал энэ 7 хоногт гэхэд 750 тонн мах хөдөө орон нутгаас ирнэ гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.
Түүний хэлснээр ямар дэлгүүр, худалдааны төвд зарж байгаагаас шалтгаалан махны үнэ харилцан адилгүй. Гэхдээ “Хүчит шонхор” зэрэг захад хонины ястай мах нэг кг нь дунджаар 6700 орчим, үхрийнх 6980, ямааных 47566 төгрөг байгаа юм байна. Цаашид салбарын яам, хотын захиргаа улсын баяр наадам хүртэл нийслэлчүүдийг махаар таслахгүй байх үүднээс нийлүүлэлтийг жигд байлгаж, үнийг одоогийнхоос өсгөхгүй байхыг зорьж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд хэлэв. Махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн зээл хэлбэрээр 40 гаруй тэрбум төгрөгийг шийдэж өгсөн гэдгийг ч Сангийн сайд Д.Хаянхярваа тодотгож байлаа.
Эх сурвалж: open-government.mn