Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, түүнд оноосон анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, түүнд оноосон анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдаад байсан билээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцлоо. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Б.Чимэг