“Гоодаль” сэтгүүл хамтран ажилладаг байгууллагуудтайгаа харилцаагаа өргөжүүлэх, өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилтаа түншүүддээ танилцуулах зорилготой үдэшлэгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн үдэшлэг гуравдугаар сарын 22-нд “Ivy” ресторанд болж өнгөрлөө. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Гоодаль сэтгүүлийн баг мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг фото студийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголд анх удаа сар тутмын, үнэгүй тараагддаг “Нийслэл GUIDE” сэтгүүл гаргаж уншигчдын гарт хүргэсэн амжилтаа энэ үдэш онцолж байв. Тус үдэшлэгт зөвхөн “Гоодаль” сэтгүүлийнхэн үйл ажиллагаагаа танилцуулаад зогсохгүй тэдэнтэй хамтран ажилладаг “Скайтел” ХХК, “АПУ” ХК, “Алтай кашмир” ХХК, “L’Occitane” брэнд, “Эрвээхэй” номын дэлгүүр зэрэг бизнесийн байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцсон. Үдэшлэгийг хийлч Байгалийн сонгодог аялгуу, дуучин BX-ийн цоглог хэмнэл, Kush and Oyuka-гийн жазз айзам хөгжөөлөө. Мөн “Алтай Кашмир”-ийн загварын үзүүлбэр чимэглэж байв. Үдэшлэгт ирсэн зочдын дунд “Moet&Chandon”, “Алтай кашмир”, “L’Occitane” брэндийн гарын бэлэг “Нийслэл фитнесс”, “Гоодаль” мэргэжлийн фото студи, “Biwon” рестораны эрхийн бичиг зэрэг хонжвор бүхий азын сугалаа зохион байгуулагдав. Үүнээс гадна ирсэн бүх зочиндоо гарын бэлэг түгээж байлаа.














