Нийгмийн анхаарлын төвд байгаа аливаа үйл явдлыг сурвалжилж, мэдээллийг
олон нийтэд шуурхай, ил тод хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын
үүрэг билээ.
МЭДЭГДЭЛ

Нийгмийн анхаарлын төвд байгаа аливаа үйл явдлыг сурвалжилж, мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг билээ. 2012 оны 3 дугаар сарын 28-нд болсон цагдаагийн генерал, хурандаа нарын шүүх хурлын нээлт, хаалтыг сурвалжлах эрх нь бүх хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байсан болно. Гэтэл зөвхөн гурван телевизийг сонгон авч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхийг хоригложээ. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ.”, 7.2 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна.” хэмээн заасныг ноцтой зөрчсөн байна. Нийгэмд хамгийн их анхаарал татаж буй энэхүү шүүх хурлын мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын хуулиар олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж, хууль зөрчсөн шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна. Олон түмний нүдэн дээр ил явагдсан хэргийг хаалттай явуулах гэж улайрч, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавих гэж оролдсон шүүхийг хэргийг шударга шүүн явуулна гэдэгт итгэл алдарч байна.
МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
2012.03.29