
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн ял оноосон юм. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ. Тиймээс тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд өргөдөл гаргаад байсан юм.
Хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт архи уусан байна. Улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон учир Б.Эрдэнэбилэг найз залуусаа хүлж орхижээ. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас барсан аж. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна. Уг хэрэгт нь Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэгдэлгүй явсаар дахин гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Учир нь уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тус өдөр Б.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн билээ.
Б.Чимэг