
Төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор манайд анхны дагнасан шүүх буюу Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад найман жилийн нүүр үзэж байгаа бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан юм. Нэг ойтойгоо золгож буй энэ шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт энэ үеэр шүүн таслах ажлын дүн болон бусад ажлынхаа талаар танилцуулсан юм.
Тус шүүх байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд нийт 499 хэрэг шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэж буй маргааны төрлөөр авч үзвэл газар, төрийн алба, ашигт малтмал, татвар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэргүүд дийлэнх хувийг эзэлжээ.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа тус шүүхийн шүүгч, ажилтнуудыг хангалттай сайн ажиллаж байгаа хэмээн дүгнээд цаашдаа шүүн таслах ажилд анхаарах зарим асуудлын талаар ярьж, харилцан санал бодлоо солилцлоо.
Б.Чимэг