
Жагсагчид Хятадын засгийн газрын захиалгаар өвөрмонголчуудын эзэмшилд байдаг 4000 орчим га газрыг “Шин Лон Гао” нэрт ойн аж ахуйн компани албадан хураасныг эсэргүүцсэн аж.
“Тонглио хотын ойролцоо орших Түлээ тосгонд жагссан өвөрмонгочуудыг тараахын тулд хятадын 80 гаруй зэвсэглэсэн цагдаа 30 машин хөлөглөн ирж зэрлэг аашилсан” хэмээн Нью-Йоркт байрладаг Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төв бичсэн байна.
Цагдаа нар жагсагчдыг харгисаар зодож эхэлсэн талаар баривчилагдалгүй зугтаж чадсан өвөрмонгол залуу ярьсан байна.
Жагсагч Ченпүүлон үймээнийг дүрслэхдээ “Цагдаа нар жагсагчдыг бороохойгоор маш хүчтэй цохьсон. Зарим жагсагчид цус алдаж, зарим нь ухаан алдаж унасан байсан. Эмэгтэйчүүдийг гараас нь чангаан цагдаагийн машинлуу чирч оруулсан” хэмээн ярьжээ.
Ченпүүлэн цагдаа нарыг ирэхэд зутаасан бөгөөд Нью-Йоркт байрладаг Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төврүү утасдан хэргийн талаар мэдээлсэн байна.
Жагсаалд оролцсон өвөрмонголчуудыг хятад цагдаа нар дарамталж байгаа тухай Ченпүүлэн залуу мөн ярьжээ.
Тэрбээр “Би баригдалгүй зугтаачихсан. Цагдаа нар манай гэрлүү дайрч орон миний мотоциклийг хураасан байна лээ. Цагдаа нар тосгоныг дахин дахин эргэж манай гэрт гэнэт орж ирч байгаа” гэжээ.
Түүний ах баривчлагдсан 22 хүний дунд байгаа гэнэ.
Баривчлагдсан өвөрмонголчуудын хүүхдүүд одоо хүртэл харах эзэнгүй байна. Эзэмшлээ хамгаалах жагсаалд оролцохоор хүүхдээ гэртээ эзэнгүй үлдээгээд баригдсан олон хүмүүс байгаа юм байна.
“Тэдний дунд баригдсан Шуанзуур, Гаваа нарын таван настай охин нь гэртээ ганцаараа үлдсэн. Түүнийг асрах хүн байхгүй байгаа” хэмээн Ченпүүлин ярьжээ.
Хятадад харьяалагдаж буй 24 сая өвөрмонголчуудын 20 орчим хувь нь газар нутгийг нь хятадын уул уурхайн компаниуд сүйтгэж, сүүлдээ дээрэмдэж байна хэмээн гомдолтой байдаг байна.
Харин хятадын мэдээллийн сайт энэ хэргийг хэтэрхий нэг өнцгөөс мэдээлсэн байв. Түүнээс гадна “Үймээн гарсан нь хятадын хувьд санаа зовоосон асуудал болоод байна. Учир хятадын баруун хэсэгт байрлах уйгурууд, Ху Жин Таогийн айчлалыг эсэргүүцэн зулын гол болж буй өвөрмонголчууд гээд олон үймээн манай улсад болж байна. Зохицуулах цаг болсон” гэсэн утгатай бичсэн байв.
Д.Идэр