-
2016 оны 10 сарын 12
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллажээ. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болсон байна.
Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийджээ.
Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.
-
2016 оны 10 сарын 12
Мэдэгдэл УИХ-ын дарга М.Энхболд О.Магнай хийсэн мэдээллийг үгүйсгэв
Ардчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг “ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.
Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.
Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог.
Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй болно. Хүү Э.Анарын хувьд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа, банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам, түүний зарим гишүүдээс Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг илтэд харлуулах, бодлого шийдвэрийг мушгин тайлбарлах нь хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.
Иймд бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлгээ таслан зогсоохыг Ардчилсан нам, түүний гишүүд, тухайлан О.Магнай танаас шаардаж байна.
Сонгууль дуусна. Амьдрал цааш үргэлжилнэ. Улс орны амьдралын хүнд төвөгтэй нөхцөл байдлыг гарз хохирол багатай даван туулах, гарцаагүй шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татахын төлөө улс төрийн хүчнүүд хамтран зүтгэх нь хоосон цуурхал, мушгин гуйвуулалт, харлуулалт гүтгэлгээс илүү чухал байгааг Та бүхэн ухааран ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга
Миеэгомбын Энхболд
-
2016 оны 10 сарын 12
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.10.12/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд УИХ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталсан. Хууль батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсныг онцлов.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийгджээ. Барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх аж.
Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавьсан юм.
Тус ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63,116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа аж.
Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэждийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож, мэдээлэл хийсэн юм.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
-
2016 оны 10 сарын 12
2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
10 дугаар сарын 11-ны байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.
Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.
Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:
14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Ургацын төв штаб
-
2016 оны 10 сарын 12
Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.
Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
”Бүргэдчин охин” кино оскарт нэр дэвших эрхтэй боллоо
-
2016 оны 10 сарын 12
Гурав дахь жилдээ хэрэгжээд байсан “Тогтвортой амьжиргаа” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Энэ тухай Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг, Архангай аймгийн ахлагч Д.Батсайхан, Баянхонгор аймгийн ахлагч Д.Бямбасүрэн нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл байна.
“Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд сум дэмжих баг нь аймаг бүрт таван хүний гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тодруулбал, хяналт үнэлгээний мэргэжилтэн буюу багийн ахлагч, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн, иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн, бүтцийн шинэчлэлт хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг аймагт ажилладаг байсан аж. Улмаар 21 аймгийн 105 мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлээр ажлаас нь халжээ. Ажлаас халах шийдвэрийг өнгөрөгч сарын 28-нд гаргасан байна.
Ажлаас халагдсан иргэд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Тэд эрх ашгаа хамгаалахаар 11 аймгийн 47 төлөөлөгч Улаанбаатар хотноо ирсэн байна. Хууль бус шийдвэр гаргасан байгууллага шийдвэрээ эргэн харах хүртэл Олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
“Дижитал” хамтлагийнхан “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн төсөлд зориулан “Галзуу ганц” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 21-ны 19.00 цагаас ”Crocus event hall”-д болно.
Тэрээр тоглолтынхоо орлогыг уг сайн үйлсийн төсөлд хандивлах бөгөөд тоглолтын тасалбар 15 мянга, 20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тоглолтод “Ice Top”, “Мон Та Реп”, “Энх тайван”, “No name” хамтлаг болон реппер Gee нар оролцоно.
-
2016 оны 10 сарын 12
Улсын хилээр гарах иргэдийн тоо өнгөрөгч зургадугаар сард нэг сая 40 мянга байжээ. Тэгвэл гадагшаа гарсан иргэдийн тоо сүүлийн гурван сард 40 дахин нэмэгдсэн аж. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. Гэхдээ үүнд зөвхөн манай улсын иргэд биш гэнэ. Дээрх тоо баримтад гаднын жуулчид ч орж байгаа юм.
Иргэд гадны улсыг зорих болсон шалтгааныг нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, тогтвортой ажиллах боломжгүй болон өрхийн нэг сарын зарлага орлогоос давсантай холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрах орчин нөхцөл муудаж буй хүндрэлийг давахын тулд дээд боловсролтой ч өндөр цалинтай хар ажил хийхээр хилийн дээс алхах болжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, хоёр буюу 1.0 хувь нь хурц хордлого байна
-
2016 оны 10 сарын 12
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь, Баянзүрх дүүрэгт 7.3 хувь, Баянгол дүүрэгт 9.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар, харин өмнөх улирлынхаас Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь, Баянзүрх дүүрэгт 2.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хүлээлгэн өгөв.
-
2016 оны 10 сарын 12
Энэ сарын 13-14-ны өдрүүдэд цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн материалыг авна. Маргааш I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авах юм. Гадаадад байгаа иргэдийн хувьд тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийн хүссэн өргөдөл / Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/, Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар, хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/ зэрэг материалыг бүрдүүлэх юм байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлж өгөх шаардлагатай аж. Тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирэх юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
С.Болор-Эрдэнэ: ”Монголд бөх, улстөрч, банкны захирал гэсэн гуравхан “мэргэжил” байна
-
2016 оны 10 сарын 12
Цус сэлбэлт судлалын үндэсний төв маргааш ”Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 10 сарын 12
Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 59,042 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 59,320 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1,472 буюу 2.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 1,529 буюу 2.5 хувиар буурсан байна.
-
2016 оны 10 сарын 12
Саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн оронд 108 төв утасны төвийг байгуулна
Манай улсад саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын ганцхан цэцэрлэг байдаг. Гэвч уг цэцэрлэг нь сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн байргүй өөр цэцэрлэгийн хаяанд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тодруулбал, Нийслэлийн сувиллын аравдугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулгах шийдвэрийг мэргэжлийн хяналтаас гаргасан юм. Үүнээс хойш нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт тусгай асаргаа сувилгаа, сэргээн засалт шаарддаг 120 хүүхэд дөрвөн өрөөнд толгой хорогдсоор өнөөдрийг хүрчээ. Гэвч сүүлийн үед энэ дөрвөн өрөөнөөсөө хөөгдөх болсон байна. Тодруулбал нийслэлийн Боловсролын газраас 10 дугаар цэцэрлэгийг дөрвөн өрөөгөө яаралтай суллах шаардлагатай гэж мэдэгджээ.Тэднийг ийн хөөх болсон нь тухайн байранд тусгай дугаарын 108 утасны төвийг байгуулахаар болсон явдал аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
“Цагаан-Уул 2016” яруу найргийн наадмын тэргүүн байр хүртсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайханы “Амур” шүлгийг уншигч танаа хүргэе.
“Амур”
Амур ахиад л чамайг дуулан сууж гансрах нь
Амур ахиад л чамайг дуудан байж шаналах нь
Гал гэрлийн нулимс ганц ширхгийг барж
Гал усны дэргэд сар хөвүүлж хоносоор
Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа
Орой бүр гуниг нэвж суулаа шүү би
Ингэж ганцаардахдаа аль эртнээс л бодож байсан хусны үйлсээ цуглуулж дуусаад
Бороонд норсон нойтон шаргал нарны туяаг дэвсгэр болгож
Боронз тэргэл бодлоо аажим аажимхан буулгалаа
Мөрөөдлөөс чинь эхлээд зорж сийлж суухдаа
Мөнчиг жаргалтай байсныг минь
Сар тийш тэмүүлж ургаад он цагт дарагдсан
Салаа мөчир хоёрхон тахир саарал бөхтөр мод
Тахир саарал бөхтөр модны сүүдрийг мөлхсөөр очиход
Хөтөлж аваад бүрэнхий тийш одох
Тэргүүндээ үүр засуулсан хөгшин эр
Хүрэн мод хоёр л мэдсэн байх
Үзэсгэлэн гоог чинь үйсэн дээр урлах шиг
Үнэтэй хувь зохиол хаана байх билээ
Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа
Огтын ганцаардангуй бишээр одоо
Овёосны дарсыг хаа нэг шимэн бүр шимэн шимэн суухдаа
Одоо л чамайг бүтээж чадсандаа
Ямархан жаргалтай байвдаа
Ядам хурууны чинь бэлзэг юуг
Яав ч орхиж болохгүй гэхдээ
Шигтгээ бүрийг нь бодон бодон бэтгэж
Шил өргөлгүй сууна гэдэг л
Шинэ зовлон байлаа шүү надад Амур
Зүрхэн тушаа тунарсан нэрмэл цагаан мэдрэмжийг
Ертөнц дээр удаан бүр хэтэрхий удаан нандигнахаар
Усанд хаясан чулуу хэт дахин олдох шиг
Урваж хаашаа ч юм нүүмээр
Нарсан дээвэртэй хүрэн улаан байшиндаа
Шөнө өдөргүй бүгчихмээр
Надад чинь бас олон дэмий бодлууд төрөөд л байлаа шүү Амур
Хонхрын ус зэтгүүлэн яаран яаран ирээчдээ
Хоног өдрийн торгонд цагийн салхинаа сэмрээд л байна шүү дээ Амур амур...
-
2016 оны 10 сарын 12
Өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машины жолооч О нь Dongfeng маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Энэ сарын 11-ны өдөр буюу тус өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн аж. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлэн журамлажээ.
Иймд Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.