
АНУ-ын засгийн газар Испанийн Канарын арлуудаас эхтэй хантавирусын дэгдэлт гарсан аяллын хөлөг онгоцноос ирж буй 17 иргэнээ эх оронд нь авчран, Небраска мужид тусгай эрүүл мэндийн хяналтад оруулахаар болжээ.
Тэднийг эмнэлгийн зориулалттай тусгай нислэгээр тээвэрлэн АНУ-д авчирч байгаа бөгөөд эхлээд Омаха хотын ойролцоох цэргийн баазад газардуулж, улмаар халдварт өвчний өндөр хамгаалалттай тусгаарлах төвд шилжүүлэх юм. АНУ-ын Небраска муж дахь "University of Nebraska Medical Center"-ийн тусгай хорио цээрийн нэгж нь халдварт өвчний өндөр эрсдэлтэй тохиолдлуудыг хянах зориулалттай бөгөөд өмнө нь мөн олон улсын халдварт өвчний үед ашиглагдаж байжээ.
Аргентинаас хөдөлсөн "MV Hondius" хөлөг онгоц дээр хантавирусын дэгдэлт гарсны улмаас хэд хэдэн зорчигч халдвар авч, нас баралт бүртгэгдсэн юм. Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаар дамжин тархдаг бөгөөд хүнээс хүнд халдварлах нь ховор ч урт нууц үетэй тул хяналт шаардлагатай байдаг.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC) зорчигчдыг Испанид байх үед нь эрсдэлийн үнэлгээ хийж, эх оронд нь буцаж ирсний дараа нарийвчилсан шинжилгээ, ажиглалт хийхээр төлөвлөжээ. Зарим тохиолдолд гэрийн хяналтад шилжүүлэх боломжтой аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ дэгдэлт нь цар тахлын хэмжээнд хүрэх эрсдэл бага гэж үзэж байгаа ч халдварын тархалтаас сэргийлэх хатуу хяналт шаардлагатайг анхааруулсан байна. Одоогоор бусад орнууд иргэдээ буцаан авчирч, эмнэлгийн хяналтад оруулж байгаа гэнэ.
Л.Баяр



















































