АТГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд сүүлийн үед эрх мэдлийн хуваарилалт, төрийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой буюу орон нутгийн засаг дарга нартай холбоотой асуудал нэлээд газар авч байгаа онцоллоо. Өөрөөр хэлбэл, орон нутгийн засаг дарга нар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөөр байгаа аж. Зарим засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрт бусдад их хэмжээний газар хууль бусаар олгох, мөн модны бизнес хийх зэргээр албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлж нийгэмд болон байгальд их хэмжээний хохирол учруулж байгааг ч АТГ-аас дурдлаа. Түүнчлэн, зарим ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.МУИС-ын Худалдааны сургалтын албаны даргаар ажиллаж байсан Г.Жавхлан нарын этгээдүүд 50 орчим оюутнаас албан тушаалынхаа эрх мэдлээ хэтрүүлж сургалтын дүнтэй холбогдолтой асуудал дээр мөнгө нэхсэн байдаг. Улмаар 50 орчим оюутнаас 26.5 сая төгрөгний хахууль авсан нь тогтоогдсон. Тэгвэл эл хэргийг яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
"Цэвэр агаар сан"-тай холбоотой хэргээр дахин шалгалтын ажиллагааг эхлүүллээ
“Цэвэр агаар сан”-гийн Туул голын эхийг цэвэршүүлэх, усны ундаргыг сайжруулах чиглэлээр холбогдох компаниуд хууль зөрчсөн аж. Мөн төрийн өмчийг зориулалтын дагуу зарцуулаагүй зэрэг зөрчил гаргажээ. Өөрөөр хэлбэл, үндсэн ажлаа хийгээгүй байж мөнгийг нь аваад завшсан гэх асуудал гараад байгаа учир “Цэвэр агаар сан”-гаар дамжуулж төсвийн мөнгө идсэн компаниудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажиллагааг эхэлсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































