Дөрвөн настай охин О-г төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар нь хөнөөсөн хэмээн буруутгагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл тэднийг шүүх хурал маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 11.00 цагаас тус шүүхийн А зааланд болно. Шүүх хурал нээлттэй болох талаар албаны эх сурвалж мэдээллээ. Учир нь хохирогч нь насанд хүрээгүй ч нас барсан, шүүх хуралд хууль ёсны төлөөлөгч нь орох учир нээлттэй болох аж. Уг хуралд хяналт тавихаар Ц.Гончиг гуай оролцохоор болоод байгаа юм. Тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө Ө.Хэрлэнчимэг нарын гарт 15 настай охиноо хэрцгийгээр алдсан байдаг.
Прокурорын газраас Г.Маралмаад дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсгээр буруутгасан байна. Мөн Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр ялын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/