Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг Хөндлөн гэх газар 52 настай эрэгтэй Б, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан байсныг цагдаагийн алба хаагчид олжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд хэргийн газраас зугтаж Улаанбаатарт ирж архидан согтуурч явахад цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ. Гэмт этгээд чухам ямар учраас гурван хүний аминд хүрсэн эсэхийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэжигтэн этгээдийн хувьд 34 настай эрэгтэй Б гэгч аж. Уг хэрэг энэ сарын 5-нд гарсан ч энэ сарын 11-ний өдөр хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Улмаар Мөрдөн байцаах газрын дэд дарга, хурандаа И.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 24 цагийн хугацаанд гэмт этгээдийг илрүүлж саатуулаад байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар 11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамтаар ийн амь насанд нь хүрчээ.
Тэгвэл уг хэрэгт дахин 3 хүн сэжигтнээр татан шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим