Хууль сахиулахын их сургуулийн цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалт эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн долдугаар сарын 21-нээс энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд явагдах тус сургалт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах Хууль сахиулахын их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт зохиогдож буй юм. Энэхүү сургалтад өнөө жил 208 суралцагч хамрагдаад байна. Тэд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр их сургуулийн үндсэн сонсогч болох учиртай. Нэг ёсондоо цаашид Хууль сахиулахын их сургуульд суралцах эрх нь нээгдэнэ. Харин энэ эрхээ олж авах хүсэл мөрөөдөл өвөртөлсөн Монгол Улсын ирээдүйн хууль сахиулагчид буюу Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчин болох шинэ суралцагчдын нэг нь Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн ач хүү Б.Эрдэнэ юм.
Хууль сахиулахын их сургууль саяхан дээрх сургалтын төв дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр суралцагчдын эцэг, эх, ах, дүү найз нөхдөд сургалтын үйл явц, суралцагчдын байрлаж буй цэргийн байр, орчныг танилцуулсан. Өдөрлөгт Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Соёл, олон нийт, хамтын ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд болон сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо.