Жил тойрон яригдсан Л.Гансүх нарын шүүх хурал олны анхаарлыг татсаар байна. Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал гурван өдөр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр дөрөвдахь өдрөө хуралдах гэж байна.
Үнэнийг тогтоож, яллаж, цагаатгах асуудлыг ярьж байгаа болохоор ийнхүү хэлэлцэх нь зүй ёсны хэрэг гэдгийг шүүх хурлыг телевизээр шууд үзэж байгаа хүмүүс онцолж байгаа.
461 дүгээр ангид хаалттай хэлэлцэгдэхээр яригдаж байсан энэхүү шүүх хурал олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдаж, нээлттэй явагдаж байгааг сайшаах хүн олон байна.
Учир нь Л.Гансүх нар улсаас 3.6 тэрбум төгрөг “идсэн” гэх ойлголт нийгэмд төрөөд байсан бол шүүх хурал нээлттэй явагдснаар ард түмэн буруутанг шүүх нөхцөл бололцоо олгогдсон гэхэд нэг их хилсдэхгүй биз.
Ийнхүү өгүүлэхийн учир нь шүүх хуралд хохирогч, шүүгдэгч, гэрч өмгөөлөгч нарын хэлж ярьж байгаа, тэдний хооронд өрнөж байгаа асуулт, хариулт бүгдийг илчлэх мэт тод томруухан байгаа нь ийнхүү хэлэхэд хүргэсэн билээ.
Энд жишээ дурьдвал
“Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга хохирогч н.Очирлхамаас асуулт асуухад олонх асуултад хариулаагүй юм. Тэрбээр өмгөөлөгчийн асуултад хариулах үеэрээ “Багануур хувьцаат компанийн зүгээс АТГ-д хандаж гомдол гаргаагүй. Би шахалтад орсон” хэмээсэн.
Түүнчлэн н.Очирлхам нь хохирсон үгүйгээ ч мэдэхгүй, хичээл тасалж байгаад ирсэн хүүхэд шалгалтад орж байгаа мэт л ээрч мууран, хэлэх үгээ ч олж чадахгүй зогссоныг хараад ёстой л бусдын дайсан үгээр будилж сандарч байна даа гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн юм.
Түүнд тавьсан асуулт хариултыг дэлгэрэнгүй хүргэе:
-Танайх АТГ-т хохирлоо гэж гомдол гаргасан уу? Яагаад энэ хэрэг үүсчихэв?
-Хохирогч: Бид гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс хохирсон хохирол байгаа юу?
Хохирогч: Гэрээнд заасан 3.6 дээр зааснаас бусад тохиолдолд хохирсон зүйл байхгүй.
-Тэгвэл 3.6 дээр шуудайлж савласан нүүрснээс үнээ төлнө гээд заасны дагуу компани мөнгөө төлөөгүй юм уу?
-Хохирогч: Төлсөн.
- Тэгээд яагаад хохирсон гээд байгаа юм?
-Хохирогч: Хариулт өгсөнгүй
-27500 төгрөг та бүхний хийсэн гэрээн дээр байгаа үнэ биз дээ?
-Хохирогч : Хариулт өгсөнгүй
-3.6 заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан компани авсан нүүрснийхээ мөнгийг төлчихөөд байхад хохирох уу?
-Хохирогч: Нүүрсний шуудайнд савлагдсан зөрүүн дээрээс хохирсон гэж үзэж байгаа.
-39000 төгрөг гэсэн нүүрсний үнийг 27500 болгосон нь нүүрс хөтөлбөрийн хүрээнд зориулсан үнэ мөн үү?
-Хохирогч: Би үгүй л гэж бодож байна.
-Шуудайлсан нүүрс, танай ачсан нүүрс хоёрын дундаас 14 тонн нүүрс дутаад байна. Энэ нүүрс хаачсан бэ?
-Хохирогч: Би тэр нүүрс хаачсаныг мэдэхгүй байна.
-Тэгвэл энэ мөнгийг шүүгдэгч нар төлөх ёсгүй юм биш үү?
-Хохирогч: Хариулт өгсөнгүй.
Мөн боруулалтын албаны дарга н.Бямбадоржоос шүүгдэгч талын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ асуулт асуусан юм.
-Та бүхэн шигшиж ялгасан нүүрсээ 39000 төгрөгөөр худалдана гэсэн тогтоол гаргасан байдаг. Энэ яг аль хоолойноос /шигших төхөөрөмжнөөс/ гарч байгаа нүүрс вэ?
-1-р шугамаар гарч байгаа том нүүрний үнэ. Харин 2-р шугамаар гарч байгаа нүүрс Эс БИ Ди ХК-д өгч байсан 27500 төгрөгийн үнэтэй нүүрс. 3-р шугам нь нунтаг буюу станцад өгдөг нүүрс.
-Тэгвэл танай компани хохироогүй юм биш үү?
-Хариулт өгсөнгүй.
-Анхны гэрээг та бүхний хүчээр Л.Гансүхэд нөлөөлж хүчээр зуруулсан уу?
-Үгүй. Гэрээг харилцан тохиролцож байгуулсан.
-14000 кг нүүрс хаачсан бэ? Энэ компани дээр ирээгүй байна шүү дээ. Ер нь нүүрснээс алдагдал, хорогдол гардаг уу?
-Тэр нүүрс хаачсаныг бид мэдэхгүй. Нүүрс алдагдаж хорогддог. Тухайлбал 20 тн-оос 0.5-1.8 тн нь хорогдох магадлалтай.
-Багануур ХК ашигтай ажилласан уу? Алдагдалтай ажилласан уу?
-Манай компани станцад нийлүүлдэг 20500 байсан нүүрсээс ашигтай ажилласан. Харин иргэдэд 39000 төгрөгөөр худалддаг байсан нүүрснээс алдагдал хүлээсэн.
-Нүүрсийг ангилан ялгах техник, тоног төхөөрөмжийн зардал, ажилчдын цалин, түлшний зардлыг хэн гаргадаг байсан юм бэ?
-"Эм Жи Эс Би Ди" ХХК бүх зардлыг гаргадаг байсан.
-Тэгэхээр та бүхэн хувийн компанийн зардлаар ялгасан нүүрсийг борлуулдаг байсан гэсэн үг үү?
-Тийм.
-Шүүгч: Та тэгэхээр 39000 төгрөгөөр зардаг нүүрс нь “Нүүрс хөтөлбөрийн үнэ биш" гэж хэлэх гээд байна уу? Уг нь та бүхэн 39000 төгрөгөөр борлуулах ёстой байсан гээд үнийн зөрүү мөнгийг нэхэмжлээд байгаа биз дээ хэмээсэн.
Ийнхүү ярьсан бол өчигдөр өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч нар гэрч аудитор н.Ичинхорлоогоос асуулт асууж хариулт авсан.
н.Ичинхорлоо нь “Эм Жи Эс Би Ди” компанид аудит хийж дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын аудитор юм.
Тэрбээр асуулт хариултын үеэр нэлээд сандарч мэгдсэн нь илт байсан бөгөөд түүний хэлж буйгаар зөвхөн өөрт нь өгсөн баримтанд тулгуурлаж л аудит хийсэн гэх. Мөн түүнчлэн АТГ-ын комисарын гаргасан дүгнэлтийг өөрийнхөө тайлантай харьцуулж үзсэн гэдгээ мэдээлсэн ч энэ нь хууль зөрчсөн асуудал болсон байна гэдгийг өмгөөлөгч нар тайлбарлахад тэрбээр "Би зөвхөн өөрийгөө хэр нягтлан юм байна гэдгийг л шалгаж үзэх гэж тэр дүнэлтийг өөрийнхтэйгөө харьцуулж үзсэн" хэмээсэн нь ёстой л элгийн хариулт байсан юм.
Учир нь тэрбээр асуулт хариулт эхлэх үед "Би 30 жил нягтлан бодогчоор улсад ажиллаж байгаа чадварлах аудитор" хэмээж байсан юм. Гэтэл хууль зөрчсөн нь илт болохыг цагт арьсаа хамгаалахаар ийм зүйл ярьсан нь өмгөөлөгч нарын бухимдлыг төрүүлсэн. Мөн шүүгчдэгч талаас арав гаруй хайрцаг нотлох баримт хурааж авсан атлаа 3,4-хөн хайрцаг бичиг баримтаас л аудит хийсэн байжээ.
Уг нь Үндэсний Аудитын газар төрийн байгууллагад аудит хийх ёстой гэдгийг хууль заажээ. Харин н.Ичинхорлоо аудит Ерөнхий аудитынхаа захирамжаар өнөөдөр буруутан болгоод байгаа хувийн компаниудад аудит хийчихсэн байх жишээтэй. Тэрбээр үүнийгээ АТГ манайд хүсэлт тавьсан аудит хийх талаарх мэдээллийг хэн ч хэлж болохгүй хэрэв энэ мэдээлэл цагцагдвал та хуулийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг сануулсан болохыг ч н.Ичинхорлоо аудитор хэлсэн юм.
Түүнчлэн төрийн өмнө тангарга өргөсөн аудитор хүн өнөөдөр "Бидний дүгнэлт тайлан эцсийн шийдвэр байдаггүй хэмээв. Ийнхүү өгүүлсний учир нь тэрбээр шүүх хуралд буруутаад байгаа хүмүүсийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээх дүгнэлт гаргасан атлаа өчигдөр "Багануур" ХК ч буруутай, энэ хоёр байгууллага хариуцлагаа хувааж үүрэх ёстой хэмээн өмнө өгсөн мэдүүлэг, дүгнэлтээ няцааж орхисон юм. Түүний асуултад хэрхэн хариулж байсныг нэмэлт тайлбаргүй хүргье.
Цэрэнжээ өмгөөлөгч асуув.
-Та авдаггүй нүүрсийг авдаг болгоод тэрбум төгрөгийн хохирол тавьснаа ойлгож байна уу?
-Падаан дээр бол зөвхөн жин тавигддаг. Тэгэхээр үнийн зөрүү биш жингийн зөрүү тавигдаж байна.
-Тэгэхээр таны дүгнэлтэд бичигдсэн үнийн зөрүү худлаа болох гээд байна. Жингийн зөрүүг яаж гаргасан?
-Багануур ХК-ийн ТУЗ-ын тогтоолыг үндэслэн гаргасан. Багануур компаниас хүсэлт гаргасан байсан.Алдагдалд орж байгаа учраас үнийг өсгөх ёстой гэсэн хүсэлт. Тиймээс өмнөх тогтоолууд дээр шигшиж ангилсан нүүрс гэсэн зүйл яригдсан гэж бодож байна.
/Жин асуухаар үнэ яриад. Үнэ асуухаар жин яриад сандраад байх юм. Та тайван хариулна уу хэмээн өмгөөлөгч хүсэхэд шүүгч та хүнийг гаднаас нь хараад тайван бус байгааг яаж мэдэв хэмээн дургүйцэв./
-Жинг яаж тооцсон бэ?
Багануураас орж ирсэн падаан, борлуулалт хоёрын падаанаар тооцсон. Ингэхээр үнийн зөрүү биш нунтаг нүүрсний зөрүү гарсан.
-Хэр их зөрүү гарсан?
30 тонн.
-30 тонн уу?
-Яг хэмжиж үзээгүй ээ. Би жингийн зөрүүг 27500-гаар гаргасан. Үнийн зөрүүг 39000-аар гаргасан бол ингэх байсан гэж төсөөлж гаргасан.
-Та дүгнэлтээ яг хэзээ гаргасан?
-5 сарын 24-ны тайланг 6 сарын 12-нд гаргана гэж төлөвлөж байсан ч хоцорсон учраас 6 сарын 29-нд гаргасан.
-Тайлангаа хэр удаан гаргасан?
-Аудитын тайлан бичихийн тулд өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилласан.
-Дүгнэлт гаргасан чинь албан тушаал дэвшсэнтэй холбоотой юэ?
-Холбоогүй.
-Түрүүн Нарантуяагийн юмыг баталгаажуулж авсан гэж ойлгогдлоо. АТГ-ын нягтлангийн дүгнэлтийг баталгаажуулах аудит хийсэн юмуу?
-Бид зөвхөн баримтыг үндэслэж дүгнэлт гаргадаг. Холбогдох 3 компанийн баримтад үндэслэн гаргасан.
-Тэгвэл Нарантуяа их чадварлаг гэж мэдүүлээд байгаа нь юу билээ?
-Тайланг нь хараад их чадварлаг юм байна гэж бодож байсан.
-Тэгээд нягтлангийн дүгнэлт уншаад сууж байдаг юм уу?
-Үгүй хальт харсан. Нягтлан биш комиссар хүн.
-Та хуулинд харах эрхгүй гэдгээ мэднэ биз дээ?
-Тэр үед харчихсан, зөвхөн харьцуулалт хийх гэж.
-Та АТГ-ын комиссарын гарсан дүгнэлтийг өөрийнхтэйгөө харьцуулах ямар шаардлага байсан юм?
-Өөрийгөө хэмжих гэж. Тэр чадварлаг хүнтэй харьцуулах гэж л харсан юм.
Тэгэхээр хууль бус ажилагаа явагдсан байна хэмээн өмгөөлөгч хэлэв.
Ийнхүү Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ёстой л нэг бусдын дайсан үгэнд будилж сандарсан хүмүүсээр дүүрэн байгаа нь энд өгүүлэх нь зүйтэй болов уу.
Ямартай ч шүүх үнэн мөнийг тогтоодог болохоор энэхүү асуудлын нарийн учиг тайлагдах буй за. Бид энэ талаарх мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл (50)