Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүх хурал хойшлогдсон.
Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хурал энэ сарын 24-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн бөгөөд хэзээ мөдгүй амаржихаар байгаа юм.